Хувийн сургуулиудын төлбөр 28 мянган ам.доллар хүртэл байна
Жил бүрийн намар их, дээд сургуулиудын төлбөр хэдэн хувиар нэмэгдэх бол гэсэн бодол эцэг, эхчүүдийн санааг зовоодог. Манай улсад үйл ажиллагаагаа явуулж буй их, дээд сургуулиудын төлбөр дэлхийн жишгээс бага байдаг бол ерөнхий боловсролын хувийн зарим сургуулиудын төлбөр барууны өндөр хөгжилтэй орнуудынхаас ч илүү хэмжээнд хүрсэн байдаг. Сүүлийн жилүүдэд төрийн өмчийн Ерөнхий боловсролын сургуулиудын хүрэлцээ дутмаг, нэг ангид 50-60 сурагч хичээллэхээс гадна зарим сургуулиуд гурван ээлжээр хичээллэдэг зэргээс шалтгаалан эцэг, эхчүүд хүүхдээ хувийн сургуульд суралцуулах хүсэлтэй болсон.
Гэвч тэдгээр сургуулийн төлбөр өндөр байгаад зогсохгүй жил бүр нэмэгддэгт эцэг эхчүүд гомдоллодог хэдий ч хувь хүний сонголтын асуудал учир салбар яамны зүгээс зохицуулалт хийгээд байдаггүй. Уг нь Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно" гэх заалт байдаг ч зарим улсын хэвшлийн сургууль ч, хахууль, төлбөр авдаг нь нууц биш.
Нийслэлийн боловсролын газраас гаргасан мэдээллээр 2017-2018 оны хичээлийн жилд Улаанбаатар хотын хэмжээнд Ерөнхий боловсролын хувийн өмчийн 107 сургууль сургалтын үйл ажиллагаа явуулж байна гэх судалгаа гарчээ. Тэдгээр сургуулиудад нийт 27465 суралцагч суралцаж, 3320 багш, ажилчид ажиллаж юм байна. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа эдгээр 107 сургуулийн нэг жилийн төлбөр нь харилцан адилгүй төлбөртэй байдаг.
2018-2019 оны хичээлийн жилд төрийн өмчит сургуулийн нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудын бүртгэл наймдугаар сард эхэлнэ. Урьд жилүүдийн хувьд нэгдүгээр ангид орох багачуудыг хавар тавдугаар сард бүртгэж байсан юм. Харин хувийн сургуулиудын нэгдүгээр ангийн сурагчдын бүртгэл аль хэдийн явагдаад эхэлчихсэн байна.
-ХУВИЙН СУРГУУЛЬД СУРАЛЦДАГ СУРАГЧДЫН ТӨЛБӨРӨӨС ХАМААРАН ГУРАВ АНГИЛЖ ХУВЬСАХ ЗАРДЛЫГ ШАТЛАН ОЛГОХООР ТӨЛӨВЛӨСӨН БАЙНА-
Хувийн сургуулиудын төлбөрийн нэмэгдэл болон ямар хяналт шаардлага тавьдаг талаар холбогдох албаныхнаас тодруулсан юм. Энэ талаар Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир хэлэхдээ “Хувийн сургуулийн төлбөрийн нэмэгдэл, зохицуулалтад яам оролцох боломж байдаггүй. Харин сургуулиудыг 10 сая төгрөгөөс дээш, 10-5, таваас бага төлбөртэй гэж гурав ангилж хувьсах зардлыг шатлан олгохоор төлөвлөсөн байгаа. Ингэхдээ нийслэл, аймаг, сум, багийн сургуулиуд хоорондоо харилцан адилгүй өөр өөр өртгөөр бодогддог. Наймдугаар сарын 15-наас аравдугаар сарын 15-ны хооронд аймаг нийслэлээс ирүүлсэн статистик мэдээгээ нэгтгэдэг. Статистик мэдээллийн маягт дээр сургалтын төлбөр энэ жил тэд байна гэсэн дүн гардаг.
-ХУВИЙН СУРГУУЛЬД ХЭДЭН ТӨГРӨГӨӨР СУРАХ ВЭ-
Монголдоо хамгийн өндөр зэрэглэлд тооцогддог, өндөр төлбөртэй сургууль бол “International School of Ulaanbaatar”. Тус сургууль хувийн сургуулиудаас хамгийн өндөр төлбөртэйгээрээ сүүлийн хэдэн жил тэргүүн эгнээнд бичигдэх болсон. Түүний дараа “British school of Ulaanbaatar”, Орчлон сургууль”, American school of Ulaanbaatar” зэрэг сургуулиуд жагсах юм. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг хувийн голлох сургуулиудын 2018-2019 оны хичээлийн жилд ямар төлбөртэйгөөр элсэлт авах тухай мэдээллийг хүргэж байна.
1.“International school of Ulaanbaatar”: 27,990 ам.доллар
2. “British school of Ulaanbaatar”: 10,000 ам.доллар
3. “Орчлон сургууль”: Бага-18 сая, дунд ахлах ангийн төлбөрт наймдугаар сарын 18-нд тодорхой болно
4. “Олонлог Академи” Бүрэн дунд сургууль: Бага-10 сая, дунд болон ахлах-5 сая 500 мянган төгрөг
5. “Ulaanbaatar Elite international school”: 9 сая 950 мянган төгрөг
6. “Хобби” Бүрэн дунд сургууль: Бага-8 сая 512 мянган төгрөг, 9 сая 500 мянган төгрөг
7. “Сант” Бүрэн дунд сургууль: 7 сая төгрөг
8. “Логарифм” Бүрэн дунд сургууль: Бага-5 сая 400 мянган төгрөг, дунд болон ахлах-5 сая 500 мянган төгрөг
9. “Олонлог” төв сургууль: 5 сая 500 мянган төгрөг
10. “Шинэ Монгол” Бүрэн дунд сургууль: Бага-4 сая 500 мянган төгрөг, дунд болон ахлах анги 4 сая 800 мянган төгрөг
11. “American school of Ulaanbaatar”: 15 сая
12. “Хишиг” Бүрэн дунд сургууль: Бага-2 сая 800 мянган төгрөг, дунд-2 сая 500 мянган төгрөг, ахлах-2 сая 250 мянган төгрөг
13. “Global” international school: 10 сая төгрөг
14. “Гёте” Бүрэн дунд сургууль: Бага-5 сая, дунд-5 сая 500 мянган төгрөг, ахлах-6 сая төгрөг
15. “Атланта” Бүрэн дунд сургууль: бага-2 сая 500 мянган төгрөг, ахлах болон дунд-3 сая төгрөг
16. “Гэрэлт ирээдүй” Бүрэн дунд сургууль: 3 сая 300 мянган төгрөг
17. “Билгүүн номч” Бүрэн дунд сургууль: Дунд болон ахлах-2 сая 500 мянган төгрөг