“Samsung” компани шинэ "Galaxy Note 9" гар утсаа танилцуулав
Нью-Йоркийн “Barclays” төвийн ёслолын арга хэмжээн дээр "Samsung Galaxy Note 9" ухаалаг утсыг танилцуулжээ. Тус компаний хэвлэлийн төлөөлөгч Дрю Блэкорд хэлэхдээ энэхүү утас нь 6.4 инчийн илүү том дэлгэцтэйгээрээ онцлог давуу талтай болохыг тэмдэглэсэн байна.
Тус утасны ухаалаг камер хиймэл оюун ухаан ашиглан хэрэглэгчийн авах гэж бүй зүйлсийг танин, автоматаар өнгө, дүрсний контраст, гэрэл зэргийг тааруулах ба хэрэглэгчдэд фильтр ашиглах шаардлага гарахгүй, цэнэглэгч шаардахгүй ажээ. Шинэ Galaxy Note 9 гар утасны багтаамж нэмэгдэн, хэрэглэгчдийн гар дээр 128 GB, 512 GB багтаамжтайгаар очих нь.
Наймдугаар сарын 24-нд худалдаанд гарах Galaxy Note 9 гар утсыг өнөөдрөөс эхлэн урьдчилан захиалж болох юм байна. Энэхүү ухаалаг гар утас нь өдрийн турш цэнэгээ барих чадвар, ухаалаг камертай, мөн хэрэглэгчиддээ дэлхийд алдартай “Fortnite” компьютер тоглоомыг утсан дээрээ тоглох боломж олгож буй зэргээрээ илүү шинэлэг болжээ.
Шинэ Note 9 нь нэг өдрийн турш цэнэгээ барина хэмээн Samsung компаниас амласан байна. Note 7 утсанд асуудал үүсч, цэнэглэх явцад хэт халах, шатах тохиолдол гарснаас хойш Samsung компани шинээр гарч буй утасны цэнэгийн аюулгүй байдлыг шалгах найман алхмыг нэвтрүүлсэн ба Note 8 гар утасны цэнэгт асуудал үүссэн тохиолдол бүртгэгдээгүй ажээ.
Galaxy Note 9 загварын салшгүй нэг хэсэг болсон S Pen шар, нил ягаан зэрэг илүү тод өнгөтэй болсон ба утсаа алсаас удирдах боломжтой юм байна. S Pen-ээрээ 9 хүртэлх метрийн зайнаас утасныхаа хөгжмийг тавих, сельфи хийх, Power Point танилцуулгын хуудсаа солих боломжтой ажээ.
Galaxy Note 9 гар утасны үнэ 999.99 ам.доллараас эхэлж байгаа ба 512 GB-тайг 1249.99 ам.доллараар авах боломжтой юм байна.
Samsung Galaxy ухаалаг шинэ цагны хувьд эрүүл мэнд, фитнесс, нойр хянах программтайгаас гадна цаган дээрээсээ и-мэйл, хуанлиа шалгаж болохоос гадна цэнэгээ дөрвөн өдөр барих ажээ.