Тарваган тахал туссан үед өндөр халуурч, бүх булчин өвддөг
Тарваган тахал нь байгалийн голомтот хурц халдварт өвчин. Дэлхий дахинд Африк, Ази, Өмнөд Америкийн зарим орнуудад тарваган тахлын хүний өвчлөл бүртгэгдэж нийгмийн эрүүл мэндэд асуудал үүсгэсээр байна. Төв Азийн тарваган тахлын байгалийн голомтын зонхилох хэсэг манай орны нутаг дэвсгэрт орших бөгөөд одоогоор 17 аймгийн 137 суманд тарваган тахлын байгалийн голомттой энэ нь манай улсын нийт нутаг, дэвсгэрийн 28.3%-ийг эзэлдэг.
Иргэд хөдөө орон нутгаар амарч зугаалахдаа тарваганы түүхий мах, эд эрхтэнг эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байх, мэрэгчийн үхсэн сэг зэмтэй харьцахгүй байх, тарваганы бөөс болон бүүрэгт хазуулахгүй байх, нийслэл хот руу тарваганы түүхий мах, тулмыг тээвэрлэж оруулж ирэхгүй байхыг Нийслэлийн эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс сэрэмжлүүлж байна.