Засгийн газар 12 хүртэл насны хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулах арга хэмжээ авна
Засгийн газрын долдугаар сарын 9-ний хуралдаанаар 24 сараас 12 хүртэлх насны хүүхдийг амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, эмчлэхэд шаардагдах хөрөнгийг Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС)-гаас гаргах, “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” арга хэмжээг таван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр хэлэлцсэн. Улмаар тус арга хэмжээг хөтөлбөр болгон хэрэгжүүлэхээр болж, буцаагдсан байдаг.
Эрүүл мэндийн яам хөтөлбөрийг боловсруулж дуусчээ. Одоогийн байдлаар Засгийн газрын хуралдаанаар батлагдахыг хүлээж байгаа юм байна. Хөтөлбөр батлагдвал 24 сараас 12 хүртэлх настай хүүхэд төрийн өмчийн болон ЭМДС-ийн журам хангаж, шалгуурт тэнцсэн хувийн хэвшлийн аль ч шүдний эмнэлэгт шүдээ үзүүлж, эмчилгээ хийлгэсэн төлбөрийг ЭМДС-гаас гаргах юм.
-НИЙТ ХҮҮХДИЙН 70 ГАРУЙ ХУВЬ ШҮДНИЙ ӨВЧЛӨЛТЭЙ БАЙНА-
Монголын хүн ам тэр дундаа хүүхэд, өсвөр үеийн дунд шүдний өвчлөл тулгамдсан асуудал болоод буй. Улсын хэмжээнд шүд цоорох өвчний тархалт 5-6 настай хүүхдийн дунд 94 хувь, 12 настай хүүхдийн дунд 84 хувь байна. Хүүхдийн шүдний цоорол болон эрчим нь чих, хамар хоолойн үрэвсэлт өвчнүүд, амь насанд аюултай эрүү нүүрний мэс заслын үрэвсэлт өвчлөлүүдийн шууд шалтгаан болоод зогсохгүй хүүхдийн суурь болон амьсгалын замын өвчлөлүүдийн дам шалтгаан болдог байна.
Нийт хүүхдийн 70 гаруй хувь шүдний өвчлөлтэй гэсэн статистикийг мэргэжлийн байгууллагууд гаргажээ. Иймд салбарын сайд Д.Сарангэрэл амны хөндийн эрүүл мэндийн асуудалд онцгойлон анхаарал хандуулж ажиллахаа удаа дараа мэдэгдээд байгаа юм.
Энэ хүрээнд “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй. Шүд цоорох, амны хөндийн эрүүл мэнд нь хоол хүнснээс шууд хамааралтай. Мөн эрүүл зөв хооллолт маш чухал. Шүдний өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд шүдээ зөв угааж хэвших нь чухал. Иймд иргэдийг амны хөндийн эрүүл мэндээ өөрсдөө хянаж, дээшлүүлэх, шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, дадалтай болгох зорилгоор уг үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм байна.
-ШҮДНИЙ ЦООРОЛТ, ӨВЧЛӨЛИЙН ТАРХАЛТЫГ 30 ХҮРТЭЛ ХУВИАР БУУРУУЛАХ ЗОРИЛТ ТАВЬЖЭЭ-
Хөтөлбөр хэзээ батлагдах, хэрхэн хэрэгжих талаар бид Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшингээс тодрууллаа.
-Засгийн газар долдугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаараа 24 сараас 12 нас хүртэлх хүүхдийн амны хөндийн “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” арга хэмжээг таван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр хэлэлцсэн. Улмаар тус арга хэмжээг хөтөлбөр болгон хэрэгжүүлэхээр буцаасан байдаг. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хөтөлбөр хэрэгжээд эхэлчихсэн мэтээр ойлголт төрүүлж байна. Хэзээ батлагдаж, хэрэгжиж эхлэх төлөвтэй байна вэ?
-2016-2020 онд батлагдах үндэсний хөтөлбөрүүдийн жагсаалт гарсан байдаг. Энэхүү жагсаалтад “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” хөтөлбөр ороогүй. Нэлээдгүй хугацаанд яригдсан, үүнийг л батлуулчихлаа гэж ойлгоод байх шиг байгаа юм. Өнгөрсөн сард буюу долдугаар сарын 9-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцсэн байдаг. Энэ үеэр хүүхдийн шүдний өвчлөл, тархалт өндөр, цоорлын эрчим өндөр байна гэж үзсэний үндсэн дээр тусгай арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай гэж ярилцсан. Улмаар хүүхдийн шүдний өвчлөлийн асуудлыг үндэсний хөтөлбөрийн жагсаалтад оруулах тухай яригдсан. Үүнийг батлагдчихлаа гэж ойлгоод байх шиг байна. Ингэхдээ 2-12 насны хүүхдийг сонгосон. 12-оос дээш насны хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл ялгаагүй их байдаг боловч 12 хүртэлх насны хүүхдүүдтэй харьцуулбал шүдээ өөрөө арчлах аргад суралцчих хэмжээний нас. Энэ үүднээс насны хязгаар тавьж өгсөн байдаг. Нөгөө талаар 12-18 насныхныг харилцан адилгүй хамруулж болох ч мөнгө санхүүгийн асуудлын хязгаартай тулгарах юм.
-Хөтөлбөр батлагдаж, хэрэгжээд эхэлбэл хичнээн хүүхэд хамрагдах төлөвтэй байна вэ?
-Манай улсад 24 сараас 12 настай 725.635 хүүхэд бий. Үүнээс шүдний өвчлөлттэй хүүхдүүд буюу зохих хэмжээгээр бүрэн хамрагдах төлөвтэй байна.
-Төрийн өмчийн болон ЭМДС-гийн журам хангаж, шалгуурт тэнцсэн хувийн хэвшлийн эмнэлэг үзлэг шинжилгээ хийх, эмчилгээний эрхээ авах юм байна. Эмнэлгийн тоонд хязгаар тавих уу?
-Батлагдаагүй байгаа хөтөлбөрийг энэ хэмжээнд нарийн ярих боломжгүй. Хөтөлбөр батлагдсаны дараа төлөвлөгөөнүүдээ илүү нарийвчлалтайгаар ярих, хэрхэн яаж гүйцэтгэх вэ зэргийг тооцох байх. Ингэж, тэгж хийнэ гэж тодорхой ярьсан эцсийн шийд гараагүй байна. Монгол Улсын хэмжээнд шүдний тусламж үйлчилгээний ихэнх хувийг хувийн хэвшлийн байгууллага үзүүлж байгаа. Хөтөлбөр хэрэгжээд эхэлчихвэл бид төр, хувийн хэвшил нийлж байж гүйцэтгэх хэмжээний хувилбараар зохицуулагдахаар яригдаж байгаа юм.
-Энэхүү хөтөлбөрийн үр дүнгийн талаар юу хэлэх вэ?
-Тус хөтөлбөр өөрийн гэсэн шалгуур үзүүлэлттэй. Ерөнхийдөө шүдний өвчний тархалт, шүд цоорох өвчний тархалтын хувь манай улсад өндөр байна. Үүнийг 30 хүртэлх хувиар бууруулна гэж зорьж байгаа. Шүд цооролтын эрчим гэж бий. Үүнд цоорсон, ломбодсон, авахуулсан зэргийг тооцож, эрчим тэд гэх маягаар коэффициентээр илэрхийлдэг тоо гардаг. Энэ эрчим гэх үзүүлэлтийг дөрвөн нэгжээр багасгая гэх зорилт тавьж байна. Санхүүгийн асуудал бүрэн шийдэгдэхгүй бол зорилт биелэхэд хэцүү.
-Үзлэг шинжилгээ, эмчилгээ хийхээс гадна шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх тал дээр ямар арга хэмжээ авч ажиллах вэ?
-Урьдчилсан сэргийлэх ажлын хүрээнд эцэг эхчүүдэд болон хүүхдэд зориулсан урьдчилан сэргийлэх хандлагыг өөрчлөх зорилтууд тусгагдсан. Энэ ажилд мөнгө төгрөг тусгагдах байх. Энэ хүрээнд сурталчилгааны чиглэл хамаарах юм. Бидний дэвшүүлсэн үндсэн дөрвөн зорилтын нэг энэ юм.