Д.Отгонбаяр: Нэг хүн ахуйн хэрэглээндээ зориулж 25 кг самар түүж болно
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харъяа Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаа нь гурван аймгийн есөн сумын 1 сая 748 мянган га талбайг хариуцан хамгаалдаг. Тодруулбал, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Мөрөн болон Төв аймгийн Мөнгөнморьт, Эрдэнэ, Батсүмбэр мөн Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө, Хүдэр гэсэн гурван аймгийн есөн сумын нутгийг хамран оршдог билээ.
Самар түүхээр дээрх нутгуудыг зорьж буй иргэддээ мэдээлэл хүргэх үүднээс Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалтай газрын Хамгаалалтын захиргааны хуулийн хэрэгжилт хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Д.Отгонбаяртай ярилцлаа.
Самрыг хэдий хугацаанд бэлтгэдэг вэ?
-Хуш модны самрыг аравдугаар сарын 15-наас гуравдугаар сарын15-ны хооронд бэлтгэдэг. 2016-2017 оны жилд самрын их ургацын жил байсан. Харин өнгөрсөн намар, өвөл маш бага самар ургасан нь бага ургацын жил байсантай холбоотой юм. 2018-2019 буюу ирэх намар, өвөл мөн бага ургацын жил болох төлөвтэй байна. Самар ургавал маш бага хэмжээгээр ургана. Самар хоёроос гурван жил ургаад, хэдэн жил ургадаггүйгээрээ онцлогтой. Тиймээс маш бага ургаж байгаа самар нь ойд амьдардаг шувуу, хэрэм, гахай, баавгайн идэш тэжээлд л хүрдэг. Ургах явцад нь амьтад идэж дуусах магадлалтай тул бараг самар ургахгүй гэж хэлж болно. Одоо найман сарын сүүлээр, есөн сарын эхээр сайдын тушаал гарч, ямар газарт самар түүж болох, болохгүйг зааж өгөх юм.
-Ахуйн зориулалтаар самар түүнэ гэх нэрээр их хэмжээний самар түүгчдэд ямар арга хэмжээ авдаг вэ?
-Тусгай хамгаалалттай газар самар их ургасан ч гэсэн ахуйн зориулалтаар л самар түүхийг зөвшөөрдөг юм. Ахуйн зориулалттай гэхээр иргэд буруу ойлгоод байдаг. Ахуйн зориулалттай гэдэг нь тухайн тусгай хамгаалалттай орчны бүсэд амьдарч байгаа иргэд өдөр тутмын амьдрал ахуй, хэрэглээндээ таарсан самар түүж, идэж хэрэглэхийг хэлж байгаа юм. Түүнээс биш ахуйн зориулалтаар гээд худалдаа хийж зарахыг хэлээгүй. Нэг хүн ахуйн хэрэгцээндээ зориулж 25 хүртэлх км самар түүж болно гэж заасан байдаг.
-Заасан хэмжээнээсээ илүү самар түүсэн бол яах вэ?
-Зөрчлийн тухай хуулиар тухайн хамгаалалтын захиргаанаас гарч байгаа зөвшөөрөл, нэгдсэн журмын дагуу 25 кг самраа аваад, илүү гарсныг нь хураалгадаг. Зөрчлийн тухай хуулиар хууль дүрмээ биелүүлэлгүй, самар их хэмжээгээр түүсэн бол хүн тус бүрээс нөхөн төлбөр авдаг. Жишээ нь: Таван хүн байлаа гэж бодоход 500 нэгж буюу хүн тус бүрийг 500.000 төгрөгөөр торгоно. Тиймээс иргэд энэ жил самар их ургасан гэх сургаар буруу мэдээлэл битгий аваарай. Тусгай хамгаалалтын газар санамсаргүй орсноор та болон таны хамт явсан хүмүүс нөхөн төлбөр төлөх магадлалтайг анхааруулж байна.
-Самар түүхдээ хориглосон арга технологи хэрэглэсэн тохиолдол их гардаг уу?
-Хамгийн том асуудал бол хориглосон арга хэрэгсэл хэрэглэж самар түүх явдал юм. Өөрөөр хэлбэл, хүмүүс бүдүүн том модоор хуш модыг цохидог. Ингэснээр модны амьдрах чадвар алдагдаж, модны үр үлддэггүй. Дахиж тэр модонд самар ургах нөхцөл бүрдэхгүй. Хүний буруутай үйл ажиллагаа л байгальд хамгийн их хор хөнөөл учруулж байна. Болгоомжгүй байдлаас үүдсэн гал түймэр их гардаг, мөн явсан газартаа хүмүүс хог ихээр хаяж байна. Ой модонд машинаар хамаагүй явж, шинэ зам мөр их үүсгэдэг.
-Байгалийн хишиг хүртэх гэж яваад нас барсан тохиолдол хэр их гардаг вэ?
-Самарт явж байгаад төөрөөд хөлдсөн, машинтай явж байгаад машин нь осолдож унасан хэрэг гарч л байсан. Өнгөрсөн жилийн өвөл эхнэр, нөхөр хоёр хүүхдүүдээ гэртээ үлдээгээд, самарт явсан. Харамсалтай нь тэд тэврэлдэж хөлдсөн байдалтай олдсон байна. Бас модны орой дээрээс самар унагаах гэж байгаад унаж, амь насаа алдсан хэрэг гарсан. Ялангуяа их ургацын жилд ийм үйл явдал маш их гардаг. Нас барсан хүний тоог нарийн гаргавал сэтгэл эмзэглэмээр л тоо сонсогдоно.
-Самар түүхээр ирсэн иргэд, хулгайн анчидтай холбоотой байдаг уу?
-Самрын бизнесийн хамгийн аюултай нь хулгайн анд татагдаж орох эрсдэлтэй байдаг. Учир нь нэг жил самар түүгээд хаана хаана, ямар амьтан байдаг талаар мэдээлэлтэй, холбоо сүлбээтэй ч болоод амждаг. Тэдгээр хулгайн анчид ихэвчлэн ойн гүн, хил рүү явдаг учир олоход хүн хүч хүрэлцдэггүй.