М.Энхболд: Ц.Сандуйн боловсруулсан схемийн танилцуулгыг сонссон ч би дэмжээгүй
Өнгөрсөн долоо хоногт хуралдсан МАН-ын Хяналтын ерөнхий хорооны шийдвэр албан ёсоор тус намын удирдлагад ирээгүй байгаа талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өчигдөр мэдээлэл хийхдээ мэдэгдсэн билээ.
Өнөөдөр МАН-ын Хяналтын хороо хурлын шийдвэрээ намын удирдлагадаа албан ёсоор өгөх мэдээлэл байна. Тус хороо хурлаараа нийт таван асуудал хэлэлцсэний дотор олны анхаарлын төвд байсан "60 тэрбумын бичлэг"-т нэр нь холбогдон, МАН-ын дүрмийг зөрчсөн МАН-ын гишүүн М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг ёс зүйн алдаа гаргасан хэмээн дүгнэж, ёс зүйн хариуцлага тооцох ёстой гэсэн тогтоол гаргасан аж.
Дээрх шийдвэрийн дагуу УИХ-ын дарга М.Энхболдод ёс зүйн хариуцлага тооцох эсэхийг МАН-ын Удирдах Зөвлөл эцэслэн шийдэх юм байна. УИХ-ын дарга М.Энхболд Хяналтын Хороонд хүргүүлсэн тайлбартаа "Би Ц.Сандуйн боловсруулсан схемийн танилцуулгыг сонссон ч дэмжээгүй, намын нэр хүндэд сэв суулгасан явдалдаа харамсаж байна" хэмээжээ.