Ардчилсан намын ҮБХ-ны дөрөвдүгээр хуралдаан өнөөдөр /2018.08.06/ Төрийн ордонд болж байна. Тус намын ҮБХ-ны хуралдаанаар Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох нь зүйтэй хэмээн үзжээ.
Сонгуулийн тухай хуульд зааснаар намууд нөхөн сонгуульд оролцох эсэх шийдвэрээ өнөөдөр гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ёстой.
Мөн хурлаар 'Монголоо сонсъё' аяны тайлан болон долоон төрлийн журмын талаар хэлэлцэж байна. Түүнчлэн шинээр ҮБХ-ны гишүүн болсон хүмүүст гишүүний батламжийг тус намын дарга С.Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Баттулга нар гардууллаа. Ардчилсан намын зүгээс Хэнтийн нөхөн сонгуульд нэр хүнд сайтай, олны танил хүнийг өрсөлдүүлэх ёстой гэсэн байр суурийг барьж байна бололтой.
Ингээд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан ҮБХ-ны IV хуралдааны талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр 'Наймдугаар сарын 8-наас өмнө намууд сонгулуьд оролцох эсэхээ шийдэх ёстой. Энэ дагуу хуралдаж байна. Мөн нэр дэвшигчээ наймдугаар сарын 31-наас есдүгээр сарын 4-ны хооронд намууд нэр дэвшигчээ тодруулна. СЕХ болон намын дотоод журамд тавьсан шалгуураар нэр дэвшигчийг тодруулна. Нэр дэвшигчээ яаж тодруулахаа хэлэлцэнэ. Нөхөн сонгуультай холбоотой намаас нэр дэвшигчийг тодруулах журмыг хэлэлцэж батална' гэж мэдэгдэв.