“Даншиг наадам-хүрээ цам 2018” амжилттай болж өндөрлөлөө
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадмыг дөрөв дэх жилдээ Хүй долоон худагт амжилттай зохион байгууллаа. Уламжлал ёсоор лам нар ном хаялцан, мэтгэлцэж, балин тосон урлалын тэмцээн зохиогдсон. Түүнчлэн цам харайх, маань татах, Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд боллоо.
Мөн Даншигийн даян аварга Р.Пүрэвдагва тэргүүтэй хүчит 256 бөх барилдаж, их нас, жороо морьдын уралдаан болов. Хүй долоон худагт дотоод гадаадын жуулчдад зориулсан аялал жуулчлал, шашны эд зүйлс, Гандантэгчэнлин хийдийн үзэсгэлэн болсон юм.
“Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадам өнө эртнээс уламжилж ирсэн түүхэн улбаатай. Монголчууд төрт улсаа байгуулж, ихэс ноёд, хаад язгууртны чуулган хийж олон баяр ёслол зохион байгуулдаг байсан. 1639 онд Халхын Түшээт ханы Гомбодоржийн хүү Занабазарыг Халхын шашны тэргүүн Жавзандамба хутагтаар залахдаа их Даншиг өргөх ёслол хийж байжээ. Энэ цагаас хойш 1920 он хүртэл энэхүү наадмыг зохион байгуулж ирсэн байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.