МАН-ын бага хурал Тусгаар тогтнолын ордонд гишүүдийн 52.8 хувийн ирцтэй эхэллээ. Тус намын дарга У.Хүрэлсүх бага хурлыг нээсэн бол бага хурлын даргаар Ө.Энхтүвшин, орлогчоор Г.Хэрлэнчулууныг сонгов. МАН-ын Бага хурлыг даргалагч Ө.Энхтүвшин хэлэхдээ өнөөдрийн бага хурлаар хоёр асуудал хэлэлцэнэ гэснийг Бага хурлын гишүүд дэмжлээ. Үүнд:
- УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх,
- Нэр дэвшүүлэх журам батлах тухай юм байна.
Нөхөн сонгуульд оролцох нам, эвсэл наймдугаар сарын 8-наас өмнө хуульд заасан бичиг баримтуудыг Сонгуулийн ерөнхий хороонд гаргаж өгөх ёстой. Улмаар СЕХ наймдугаар нарын 12-ны дотор нам, эвслийг бүртгэж, батламж олгох юм. МАХН-ын хувьд өнгөрсөн долдугаар сарын 7-нд Бага чуулганаа хуралдуулж, Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцоно гэдгээ албан ёсоор зарласан. Энэ долоо хоногт МАН, АН хоёр нөхөн сонгуульд ямар байдлаар оролцох нь тодорхой болох юм.