Энэ долоо хоногоос намрын улс төр эхлэх нь. Энэ намрын улс төр Хэнтий аймагт болох нөхөн сонгуулийг тойрон өрнөх сценари хэдийн зурагджээ. Төр барилцах эрхэм түшээ хүнд байж болохооргүй, барагтай хүний амнаас эвлэж гарахааргүй гутамшигтай шалтгаанаар УИХ-ын гишүүний суудлаасаа татгалзсан Д.Гантулгын орыг хэн залгахыг ирэх аравдугаар сарын 7-ны өдөр болох нөхөн сонгуулиар шийдэгдэх юм. МАН-ын 65 гишүүний нэг болж 2016 онд Хэнтий аймгаас сонгогдсон хамгийн залуу гишүүн ийнхүү өөрөө бүдэрсэн ч бай, хэн нэгэн бүдрүүлсэн ч бай ямар ч гэсэн замын дундаас буцав.
76 суудлын 65-ыг эзэмшиж буй МАН-ын хувьд ганц суудал алдлаа гээд гороогоод байхгүй ч парламентын 65 нь дотроо хагаралдаж бараг эн тэнцүү хуваагдаад байгаа нь асуудал болоод буй. Хэзээ ч эв эвдрэлцэхгүй гэдгээрээ бардамнадаг байсан МАН ийнхүү улс төрд мөнхийн зүйл үгүйг нотолсон. 32:33-гаар хуваагдаад байсан парламентын МАН гайтай Гантулга нь явснаар 32:32 болж орхисноор цөөнхийн бүлгийн ханшийг өсгөөд байна.
Хуульд заасан ёсоор энэ долоо хоногт нөхөн сонгуульд оролцох эсэхээ намууд мэдэгдэх учиртай. Тиймээс энэ долоо хоногт улс төрийн намуудын байр бужигнаантай байх нь.
Нэг дордоход долоо дордоно гэгчээр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө эхэлсэн “60 тэрбум”-ын дуулиан МАН-ын толгойн өвчин болоод удаж байна. Мэлзэж нэг үзсэн МАН эцэстээ энэ асуудлыг хамгийн хялбараар шийдэхээр зэхэж байгаа бололтой. МАН-ын Хяналтын хороо өнгөрсөн долоо хоногийн Пүрэв, Баасан гаригт хуралдаж, 60 тэрбумын хэрэгт холбогдсон Ц.Сандуй, М.Энхболд, А.Ганбаатар нарыг хэрхэх ёстойг хэлэлцжээ.
Хяналтын хорооны дарга Д.Батбаатарын сэтгүүлчдэд мэдээлснээр Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг намын Бага хурлын гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг харьяа намын байгууллагад нь тавихаар болж, харин УИХ-ын дарга М.Энхболдод ёс зүйн хариуцлага тооцох асуудлыг Удирдах зөвлөл рүүгээ оруулахаар тогтсон ажээ. Хэрэггүй болсон сүүлээ тасдаж хаяад дараагийн зам мөрөө хөөхөөр шийджээ.
Төрийн албыг шат шатанд нь ханш тогтоох замаар төрийн албыг худалдаж 60 тэрбум төгрөг босгохоор ярилцаж буй дээрх нэр дурдагдсан хүмүүсийн ярианы бичлэгийн мөрөөр ямар ч хариуцлага тооцогдоогүй байгаа билээ. Бичлэгийг баттай эсэхийг нотлох боломжгүй хэмээн АТГ үзэж хэрэг үүсгэхээс татгалзсанаа мэдэгдсэн. Гэхдээ долдугаар сарын ээлжит мэдээллээрээ прокурор зөвшөөрвөл 60 тэрбумын асуудлаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн санал болгож байгаагаар нээлттэй сонсгол явуулбал тодорхой мэдээлэл өгөхөд бэлэн гэдгээ мэдэгдсэн.
Ийнхүү Хэнтийн нөхөн сонгуулийн өмнө МАН сүүлээ тасдаж хаяад урагшлах хувилбарыг сонгов бололтой.