Монгол дахь Эмпати сургуулиудын захирал, Туркийн иргэн Вейсел Акчайг үл таних хүмүүс хүчээр авч явсан хэрэг долоо хоногийн өмнө гарсан. Уг асуудлаас болж хоёр улсын харилцаанд тодорхой бус ойлгомжгүй байдал үүсээд байна. Туркийн Засгийн газар энэхүү хүн хулгайлсан гэх мэдээллийг эрс няцааж байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар даваа гарагт Засгийн газрын хуралдааны дараа сэтгүүлчдэд
“Гадаад харилцааны яам энэ асуудлаар байр сууриа илэрхийлэх боломжгүй. Вейсел Акчайг хулгайлахыг завдсан асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа” гэсэн юм. Харин баттай эх сурвалжийн хэлснээр сайд Д.Цогтбаатар Турк дэх Монгол улсын Элчин сайд Р.Болдыг эх орондоо дууджээ. Түүнийг ирүүлэх болсон шалтгаан нь Вейсел Акчайг хулгайлахыг завдсан хэрэг явдалтай холбоотой хэмээн эх сурвалж мөн хэлсэн юм.
Туркийн ЭСЯ-нд ажилладаг гурван Монгол иргэнийг шалгаж байна
Монгол улсын нутаг дэвсгэр дээр хүн хулгайлах гэж оролдсон гэх үйлдэл үнэн бол Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг ноцтой зөрчсөн, уучилж болшгүй үйлдэл болохыг Туркийн талд өмнө нь мэдэгдсэн. Эргэн сануулахад, Вейсел Акчайг өнгөрсөн баасан гарагт гэрийнх нь гаднаас үл таних 4-5 хүн хулгайлсан хэрэг гарч, түүнийг сураггүй болохтой зэрэгцэн Туркийн тусгай үүргийн онгоц “Чингис хаан” нисэх буудалд газардсан. Нөхцөл байдал ийнхүү өрнөж, Вейсел Акчайг хүчээр авч явах нь гэсэн хардлага олон нийтийн дунд үүссэн юм.
Өдөржин түүний эрэлд гарсны эцэст Эрүүгийн цагдаагийн газар дээр Вейсел Акчай үлдэж, Туркээс ирсэн тусгай үүргийн онгоц нутаг буцсан ч асуудал ингээд намжсангүй. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр уг хэрэгтэй холбогдуулан Улаанбаатар дахь Туркийн Элчин сайдын яаманд ажилладаг Монголын гурвын иргэнийг шалгаж байгаа талаар мэдээлж буй юм.