“60 тэрбум”-ын нууц бичлэгийг ил болгосон Г.Доржзодов МАН-ын Ёс зүйн хороонд ханджээ
Иргэн Г.Доржзодов 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр МАН-ын удирдлагууд төрийн албан тушаалыг үнэлэн, 60 тэрбум төгрөг босгох тухай хэрхэн ярилцаж байгаа нууц бичлэгийг олон нийтэд цацаж шуугиан тарьсан.
Бичлэг цацагдсанаас хойш МАН-ын гишүүд түүнийг байнга дарамталж, их хэмжээний мөнгө амлан, хаана дуудаж хэрхэн уулзсан талаар ч баримттай мэдээллийг олон нийтэд хүргэсэн билээ.
Энэ сарын 1-ний өдөр тэрбээр МАН-ын Ёс зүйн хороонд хоёр асуудлаар гомдол гаргаад байгаа ажээ. Эхнийх нь “60 тэрбум” М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарт хамаатай бол, нөгөө нь УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваатай холбоотой юм байна.
Ийнхүү Г.Доржзодовын гомдлыг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр уг гомдолдоо:
"Иргэн Г.Доржзодов би 2014 оны наймдугаар сарын 1-нд "Шинэ Монгол хаад" групп ХХК-ийн Захирлуудын зөвлөлийн хурлын шийдвэрээр тус компанийн Стратеги хариуцсан захирлын албан тушаалд тэнцэж, мөн оны есдүгээр сарын 1-ний дотор тус компанийн Гүйцэтгэх захирал Алтанхуягийн Ганбаатартай "Хөлсөөр ажиллах гэрээ" байгуулан ажиллах үүрэг хүлээсэн болно.
Гэвч 2014 оны наймдугаар сарын 1-нээс эхлэн есдүгээр сарын 10 хүртэл хугацаанд тухайн үеийн Нийслэлийн Монгол Ардын намын хорооны Дарга Цэндсүрэнгийн Сандуй, Нийслэлийн Монгол Ардын намын хорооны Тэргүүлэгч, Монгол Ардын намын Бага хурлын гишүүн Алтанхуягийн Ганбаатар нарын өгсөн үүрэг даалгаврын дагуу тэдний боловсруулж байсан сонгуулийн санхүүжилт, бүтэц, зохион байгуулалт, стратеги төлөвлөлтийн ажилд дайчлагдан ажиллах болсон. Улмаар Ц.Сандуй, А.Ганбаатар нар өөрсдийн төлөвлөсөн, зорьсон ажлаа дуусгаад 2014 оны есдүгээр сарын 8-ны өдөр тухайн үеийн Монгол Ардын намын дарга Миеэгомбын Энхболдод танилцуулахад миний бие байлцсан билээ. Эл уулзалтын талаар өнөөдрийг хүртэл миний бие иргэний үүргээ биелүүлж, олон нийтэд хүргэсээр ирсэн нь өдгөө 60 тэрбум гэх тодотголтой асуудал болоод байна.
Гэтэл 2016 оны зургадугаар сарын 25-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нар эрх мэдлээ ашиглан миний нэр төрийг гутаасан, гүтгэсэн, гүжирдсэн асар их хэмжээний мэдээ, мэдээлэл, нэвтрүүлэг, шторкийг зохион байгуулалттайгаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр удаа дараа төлбөртэйгээр цацах, үгсэн хуйвалдаж хуулийн байгууллагуудад худал мэдүүлэг өгч намайг эрүүгийн хэрэгт гүтгэн өөрсдийгөө цэвэрлэх, хуулийн байгууллагуудад хууль бусаар нөлөөлөх, авлигадах, хууль бус чиглэл, үүрэг өгөх, нотлох баримтуудыг устгуулахын тулд удаа дараа хууль сахиулах байгууллагуудын ажилтнуудаар баривчлуулах, шинжээчийн дүгнэлтийг хуурамчаар үйлдүүлэх, орон байранд нэгжлэг хийх, эд зүйлсийг хураан авч шинжилгээнд хамруулах нэрээр дотор нь агуулагдаж байсан нотлох баримтуудыг эрж хайх, эд зүйлсийг эвдэлж гэмтээх, хууль бус аргаар гүйцэтгэх ажиллагаа явуулж мөрдөж мөшгих, хүч хэрэглэн бүлэглэн дээрэмдэх, амь насанд заналхийлэн айлган сүрдүүлэх зэрэг маш олон ноцтой гэмт үйлдлүүдийг удаа дараа хийсээр ирлээ. Эл хугацаанд миний бие болон миний ойр дотны, эргэн тойрны хүмүүс алдар хүнд, эрүүл мэнд, сэтгэл санаа, аюулгүй байдал, эдийн засгийн асар их хохирол амсаад байна.
Өдгөө 100 гаруй жилийн түүхтэй Монголын ууган улс төрийн хүчин Монгол Ардын намын эгнээнд энэ мэт ёсзүйгүй улстөрчид дураараа авирласаар байгаад туйлын харамсаж байна. Тэдний үйлдсэн гэмт үйлдлүүдийг цаг хугацаа, нотлох баримтуудын хамтаар WWW.DORJZODOV.ORG сайтад байршуулсан тул дэлгэрэнгүйг тэндээс үзэж болно.
Иймд дээр нэр дурдагдсан М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарын ёсзүйн асуудлыг шүүн хэлэлцэж, тэдний гэмт үйлдлийг таслан зогсоож, МАН-ын нэр хүндийг удаан хугацаанд сэвтэж унахаас сэргийлж арга хэмжээ авна уу.
Гомдолд 2014 оны наймдугаар сарын 28-ны өдөр Ц.Сандуй, А.Ганбаатар нар төрийн албыг үнэлэх аргачлалыг хэрхэн боловсруулж тооцоолж байгааг нотлох 40 минутын аудио бичлэг, 2014 оны есдүгээр сарын 8-ны өдөр М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарын албан ёсны 90 минутын уулзалтын аудио бичлэг болон тэдгээрийг буулгасан текстүүд, мөн 90 минутын бичлэгт Америкийн шинжээч Франк Пиаззагийн хараат бус шинжээчийн дүгнэлтийг англи, монгол хэл дээр хавсаргав. Хавсралт нийт 50 хуудас, 1 ширхэг DVD.
ГОМДОЛ ГАРГАСАН: /Г.ДОРЖЗОДОВ/ "гэжээ.