Б.Шинэбаяр: Монголын уран бүтээлчдэд дэлхийд гарахад хэл гэдэг хамгийн том бэрхшээл тулгарч байна
УДЭТ-ын жүжигчин Б.Шинэбаяр СУИС-ийг төгсөн, найруулагч И.Нямгаваагийн “Хязгааргүй”, Г.Эрдэнэбилэгийн “Аав”, “Аврора” фильмийн ”Учрал”, “Хувьсал” продакшны “Атганд үлдсэн эрдэнэ”, Ж.Сэнгэдоржийн “Цагаан хадаг” кинонд тоглож олны танил болсон Б.Шинэбаяр УДЭТ-ын босгыг даваад хэдийнэ гурван жил өнгөрчээ. Тэрбээр энэ богинохон хугацаанд тус театрын тайзнаа У.Шекспирийн “Ромео, Жульетта” жүжгийн Ромео, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар” жүжигт их зохиолч Д.Нацагдоржийн дүрийг чадварлаг бүтээгээд буй. Б.Шинэбаяр өнгөрсөн 2016 онд “Гэгээн Муза”, ОХУ-д зохион байгуулдаг “Алтан сэргэ” олон улсын театрын наадмын шилдэг эрэгтэй жүжигчнээр шалгарсан. Тэрбээр хамгийн сүүлд өнгөрсөн зургадугаар сард үзэгчдэд хүргэсэн “Биг” фильмийн найруулагч З.Батболдын “Хуримын даашинзтай бүсгүй” кинонд тоглосон юм.
-Оюутны ширээнээс драмын театрын их хаалгыг татаж орсноос хойш таван жил өнгөрчээ. Энэ хугацаанд жүжигчнийхээ хувьд хэр сайн боловсорч, өөрийгөө нээж чадсан гэж боддог вэ?
-Энэ тал дээр их л зүйл боддог. Таван жилийн өмнө драмын театрын хаалгыг Б.Шинэбаяр гэдэг хүн татаж ороогүй бол өнөөдөр хаана, юу хийгээд явж байсан байх вэ гэдэг нь том асуудал. Мэргэжлээ сольчихоод, гадаадад сурч байсан ч байж магадгүй юм. Анх сургуулиа төгсөөд их театрын босго даваад ороход олон сайхан түшигтэй ахмад жүжигчин тосоод авсан. Мөн дунд үеийн олон сайхан жүжигчнээс үлгэр дуурайл авах, үе тэнгийн найзуудаасаа хүмүүжил төлөвшилд суралцах зүйл их байсан. Тодорхой хэмжээний үзэгчид намайг харж байдаг учраас өнөөдрийн уран бүтээлээрээ маш их зүйлийг хүргэх үүрэгтэй хүн. Энэ утгаараа биеэ авч явах байдал, аливаа зүйлд хандах хандлага зэрэг дээр маш их суралцаж байна.
-Жүжигчин гэх мэргэжил сайхан боловч хатуу гэж яригддаг. Энэ хугацаанд хатуу, хүнд бэрхшээлтэй зүйл юу байв?
-Хатуу гэдэг нь заавал нэгэн золиос гаргахын нэр биш юм. Тайзан дээр байх үед ар гэрт нь хичнээн хүнд асуудал гарлаа ч эцсийн цэг хүртэл дуусгах ёстой. Өөрийн эрх ашгийг бодож, дундаас нь хаяж гарна гэсэн ойлголт байдаггүй. Драмын театрт өнгөрүүлсэн таван жилийн хугацаанд ийм зүйл тохиолдож байсан жүжигчдийг харж байсан. Энэ бол драмын театрын хамгийн хатуу нь. Бид хагас цэрэгжилтийн байдалтай, байх ёстой газраа л байх ёстой.
Гэхдээ хувь уран бүтээлч хүн ямар нэгэн байдлаар золиос гаргаж л байдаг. Ар гэрээ умартаж, цаг наргүй ажиллах, шөнө нойргүй хонох тохиолдлууд их гарна. Гэхдээ уран бүтээл гараас гарч хүмүүст хүрсний дараах мэдрэмж бол өнөөдрийн нойр хоолгүй хонох өдрүүдээс илүү жаргал болж ирдэг. Бидний хийж буй зүйлд сайн чанар олон бий. Айл болгоны хойморт цэнхэр дэлгэцээр заларна. Энэ утгаараа бидний хэлж ярьсан бүхнийг хүмүүс шүүн тунгаах тохиолдол их гарна. Жүжигчин гэх нэрээр хаана ч яваад очсон хүмүүс сайхнаар хүлээж авдаг.
Нөгөө талаар маш олон ном зохиол уншиж, тунгаана. Амьдралдаа дутуу байгаа, эсвэл хэтэрч дэгсдээд байгаа бүхнийг олж авдаг. Нэг үгээр хэлбэл уран бүтээл биднийг хүн болгож төлөвшүүлдэг. Дааж авсан дүр бүхэн биднийг хүмүүжүүлж, тэс өөр хүн болохыг шаардана. Энэ бүхэн нийлээд гоё.
-Таны ярьсанчлан агуу уран бүтээлчид амьдралдаа ямар нэгэн золиос гаргаж байж хатуу урлагт тэнцэж үлдсэн байдаг. Жүжигчин мэргэжлийг сонгохдоо, эсвэл сонгосныхоо төлөө золиос гаргах шаардлагатай нүүр тулгарч байв уу?
-Жүжигчин мэргэжлийг сонгоод, СУИС-д сурч байхад “ямар хэцүү юм бэ” гээд шантрах үе олон гарч байсан. Төгсөөд нойр хоолгүй ажиллахдаа гэр бүлийнхнээсээ хөндийрдөг юм билээ. Театрын тайзан дээр “Дашдоржийн Нацагдорж” жүжиг бэлдэж байхад өвөө минь бурхан болж байсан. Дараа нь энэ жүжгэн дээр ажиллаж байхад эхнэр маань нярайлсан. Энэ бүхэнд хамт байж чадаагүй. Энэ утгаараа тайзны урлагт золиос гэхээс илүү бэрхшээл илүү тулгардаг.
Урлагийн хүний гэр бүл асар их ухаантай, тэвчээртэй байж энэ бүхнийг даван туулдаг юм болов уу. Жүжигчин хүн жирийн хүнээс илүү төсөөлөн боддог хүмүүс байдаг. Тухайлбал, би “Аав” кинонд тоглож байхдаа, хэрвээ би охинтойгоо үлдчихвэл яана аа гэж хамгийн түрүүнд бодсон. Хэдий киногоор илэрхийлэгдэж байгаа зүйл ч гэлээ амьдрал дээр цаг хугацаа байнга үйлчилдэг. Бодит амьдрал дээр үүнийг төсөөлөөд үзвэл тэр нялх амьтан уйлаад хэцүү биз дээ.
Амьдралаас суралцах зүйл тэр юм. Хэрвээ тэгвэл би яах байсан бэ, яах бол гээд л. Жүжигчин хүн хамгийн түрүүнд “хэрвээ би” гэдэг үгийг хамгийн түрүүнд бодох ёстой. Д.Нацагдорж гуай хүндхэн амьдрал туулсан хүн. Хэрвээ би Д.Нацагдорж гуайнх шиг амьдрал туулсан бол миний сэтгэлийн хат хүрэх болов уу, яах байсан бол гээд бодно. Жүжигчин хүмүүс гаднаа хатуу юм шиг хэрнээ маш зөөлөн байдаг. Сэтгэл дотроо тал бүрээр санаа зовнидог, уян зөөлөн хүмүүс юм шиг санагддаг.
-Дэлгэцийн урлагт дүр бүтээх, тайзан дээр дүр бүтээх хоёрын хооронд хэр хол зай байдаг вэ. Таны хувьд энэ нь хэцүү, энэ нь амархан гэсэн ойлголт байдаг уу?
-Аль аль нь хэцүү. Тайз надад амьд харилцаатайгаараа сайхан санагддаг. Яагаад гэвэл үзэгчдийн бүх сэтгэл хөдлөлийг мэдэрч, шууд харьцдаг. Гэтэл кино урлаг нэг хэсэг камерын өмнө ганцаараа ажиллах шаардлага ч гарна. Тайзнаас зураг үлдэнэ. Дэлгэцэнд бидний чадан ядан ажилласан дүр болоод залуу нас үлдэнэ. Ийм л ялгаа бий.
-Зарим хүмүүс ганц хоёр кинонд дүр бүтээчихээд өөрийгөө жүжигчин болчихсонд тооцдог. Таны хувьд ямар дүр бүтээгээд өөрийгөө жүжигчин боллоо гэж тоох вэ. Тоогоод эхэлчихсэн үү?
-Дүр бүтээнэ гэж ярих нь өрөөсгөл ойлголт. Энэ бол агуу зүйл. Үүнийг алтан үеийн уран бүтээлчид бидний зүрх сэтгэлд хоногштол хийчихсэн тэр дүрүүдийг нь “бүтээсэн” гэж ярьж болно. Бидний хувьд дүр дээр ажиллана гэж ярих нь зөв юм. Нэг уран бүтээлд ажиллах ямар хүнд, хатуу байдгийг мэдэх учраас биеэ тоох асуудал гарахгүй. Ялангуяа манай драмын театрын жүжигчид өөрсдийгөө “болоогүй” гэсэн хандлагатайгаар ажилладаг.
“Хэрвээ чи өөрөө өөрийгөө болчихсон гэж гэж үзвэл тэр өдрөөс чиний мөхөл ирнэ” гэдэг үг бий. Тиймээс өөрийгөө болсон гэж тоодоггүй, одоо л суралцаж байна гэсэн хандлагаар ханддаг. Жүжигчний мэргэжил бол суралцаад дуусахгүй мэргэжил. Би болчихсон гэх хандлагааар биш, надад суралцах олон өдөр бий гэж боддог. Яг л би чамд хайртай гэдэг үгийг илэрхийлэх мянган арга байдаг шиг зүйл. Олон сайхан дүр дээр ажиллаж, өөрсдөө илүү суралцаж, дүрүүдээсээ суралцаж, уран бүтээлээсээ ухаарал авч ажиллахыг л мөрөөдөж байна. Тийм болохоор оройд нь хүршгүй юм.
-Таны хамгийн чинад чанга баримталдаг зарчим юу вэ?
-Амьдралыг жаран жилээр аваад үзье. Энэ хугацаанд хорвоо ертөнц дээр хань ижил, үр хүүхэд, ижий ааваас эхлээд олон хүнтэй мөр зэрэгцэн оршиж, олон янзаар амьдарна. Биднээс хойш үлдэх үр хүүхэддээ зөв зам мөр үлдээх хэрэгтэй юм болов уу. Аав минь гээд ярихад хэлэх үгтэй, амьдралдаа хар толбо үлдээчихгүй л хүн байхыг хүсдэг.
-Жүжигчний хувиар бус жирийн иргэний хувьд таны амьдралын цонхоор юу харагддаг вэ?
-Хүмүүс амьдралыг хэтэрхий хар бараанаар ярьж байгаа ч гэгээлэг зүйл илүү олон байна. Хүмүүсийг хар бараан руу татаад байгаа ганц зүйл бол интернэт ертөнц. Тэр ертөнцөөр байнга хар мэдээлэл түгээд байхаар тэндээс харсан ойлголтоороо нийгмийг дүгнэж байна. Гэтэл бодит амьдрал дээр хийж бүтээж байгаа олон мундаг залуучууд, мэдлэгтэй хүмүүс байгааг олж харах болно. Ялангуяа гадаадад эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа залуучууд их бий. Бүгд амьдралын төлөө, болж бүтэхээрээ зүтгэж яваа шүү дээ. Орчин тойрноо харахад байшин барилгын бүтээн байгуулалт, гудамж талбай хүртэл өөрчлөгдөн хөгжиж байна. Аливаа зүйлийн хар барааныг яриад л байвал дуусахгүй. Аль ч нийгэмд, аль ч улсад хар бараан зүйл оршсоор байсан. Гэхдээ аль сайхныг нь ярих хэрэгтэй.
-Гэргийгээ танилцуулахгүй юу. Анх танилцаж байсан дурсамжаасаа хуваалцвал?
-Миний гэргийг н.Доржханд гэдэг. Уран нугараач эмэгтэй бий. Анх “Naran mall”-ийн кофе шопод танилцаж байсан юм. Эхнэрээсээ анх ээжийнхээ залуу насны харцыг олж харсан. Ээжийн минь, эхнэртэй минь адилхан зураг манай гэрт байдаг.
-Хайр гэдэг үгийг ганц үгээр илэрхийлвэл. Мөнхийн хайр гэж байдаг уу?
-Хайрын тухай асар олон афоризм бий. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай “Хайрыг би нялуурахын нэр гэж боддоггүй. Хайр гэдэг хэзээ ч мартахгүй байхын нэр” гэж хэлсэн байдаг. Энэ хүн амьдралдаа мэдэрсэн зүйлээ хэлсэн байж таарна. Тэгэхээр хүн бүр яаж мэдэрсэнээ янз бүрээр илэрхийлэх байх л даа. Би хайрыг хүндлэлээс эхэлнэ гэж боддог. Хүндлэл байж тухайн хүнтэй харьцах асуудал эхэлнэ.
Үр хүүхэдтэй болох нь хайрын хамгийн том баталгаа. Би хайрыг айхтар афоризмаар илэрхийлж чадахгүй ч гэлээ хайр бол бүтээхийн нэр юм гэж хэлмээр байна. Хайрыг бүтээх гэдэг амьдралынхаа турш хийдэг зүйл. Өнө удаан жил хамт байсан хүмүүс эргээд ярихдаа амьдрал ийм байсан, асуудал ийм байсан, маргалдах үе ийм байсан гээд ярихыг сонсох сайхан. Тийм хүмүүсийн хайрыг хараад ямар гоё хайр вэ гэж бодмоор сайхан. Би хайрыг ингэж л ойлгодог. Хүн урт удаан насаллаа гээд 100 л наслах байх. Энэ хугацаанд сэтгэл гэдэг эрхтэн өвдөх шаналах, санагалзах, баярлах олон төрөлд хувирна.
Сэтгэлээр уналаа гэхэд ажил хийх бүтээмж буурах, амьдралын идэвхигүй болдгоор илэрнэ. Хүний сэтгэл гэдэг хамгийн том эрхтэнтэй зэрэгцээд сүнс оршиж, дараа дараагийн төрөлд дамжсаар байдаг зүйл. Тэгэхээр хайр мөнхийн байх магадлалтай. Бие дууссан ч бидний хийсэн бүтээсэн зүйл бүхэн үлдэнэ. Бас хайрыг бүтээж, хайрыг илэрхийлсэн илэрхийлэл ч үлдэнэ. Мөнхийн хайр гэж байдаг.
-Охиндоо ямар аав байхыг хүсдэг вэ?
-Найз шиг, аав шиг, найз залуу шиг байхыг хүсдэг. Би заримдаа охинтойгоо болзоонд явна гэж ярьдаг. Ер нь хамгийн ойр байх хүнийг л аав гэж хэлнэ. Тийм л ойр аав байхыг хүсдэг.
-Бидний амьдарч буй нийгэмд аав нь хүүхдээ хүчирхийлж байгаа хэрэг хамгийн аймшигтай мэдээлэл болж байна. Ийм цөвүүн цагт ирээдүйд эцэг болох залуучуудад хандаж юу гэж хэлмээр байдаг вэ?
-Хийсэн үйлдлийнхээ хариуцлагыг хүлээж чадахгүй бол тийм үйлдэл хэзээ ч битгий гарга. Аав болно гэдэг асар том хариуцлага. Хорвоо дээр хүн бүр эцэг болно гэж сургадаг ч сайн аав байна гэдэг нэг өөр хэрэг. Ирээдүйд ирэх хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй. Тухайлбал, би охиныхоо ирээдүйн зам мөрийг цэвэрхэн байлгахыг хүсдэг.
Буруу сүүдэр тусгахгүй, буруу сүүдэрт унагахгүй байхын тулд би л сайн хүн байж хичээх, сайн явах хэрэгтэй. Хэрвээ тэгж чадахгүй гэвэл анхнаасаа л битгий хий. Чадахгүй байвал чаддаг хүнд даатга. Үгүй байлгүй дээ гэмээр сэтгэл сэртхийлгэм хэргүүд маш их гарч байна. Сонсоход ч аймшигтай хэргийг ямар хүмүүс хийгээд байгааг үнэндээ ойлгохгүй байна. Хариуцлага хүлээж чадахгүй л бол зугаа цэнгэлээ хойш тавь.
-Гадаадын хэт задгай нийгмийг дуурайж байгаа хүүхэд залуусын шоу цэнгээнийг хараад юу гэж дүгнэдэг вэ?
-Хүн хориглож хаагаад байгаа зүйл руу улам тэмүүлж эсэргүүцдэг. Тиймээс задгайраад байгаа асуудал байж болох ч сэтгэхүйдээ соёлыг нь давхар суулгаад явах хэрэгтэй байна. Тухайлбал, япончууд байршиж байсан газрынхаа хогийг аваад гарч байна гэдэг маш том соёл. Тэр нь бүхэл бүтэн улс үндэстэний реклам болж байна шүү дээ. Нөгөө талаар том хүмүүжил, ёс суртахуун байхгүй юу. Бид тийм л болох хэрэгтэй байна. Ууж идлээ ч, зөв боловсон занг хослуулах чанар дутагдаж байна. Зарим залуусыг харахад хэт арслан бар шиг байх юм. Хэзээ нэгэн цагт амьдрал өөрчлөгдөнө гэдгийг ухаарч ухамсарлахгүй байна.
-Театрын жүжигтэй холбогдуулан ном их унших шаардлага гардаг байх. Хамгийн тод сэтгэгдэл төрүүлсэн ном гэвэл ямар номыг нэрлэх вэ?
-С.Удвалын “Их хувь заяа” гэдэг номыг нэрлэнэ. Арван жилд байхдаа ном унших дургүй хүүхэд байсан. Энэ ном шимтэж уншсаар байгаад дуусгасан хамгийн анхны ном минь юм. Баатарлаг үйл явдал, гавъяануудыг бахдаж уншсан.
-Одоо ямар дүр бүтээхийг хүсч байна вэ?
-Бүтээхийг хүсдэг дүр олон байгаа. Монголын болон гадаадын илүү олон сонгодог жүжгүүдэд дүр бүтээмээр байна. Хүмүүсийн сэтгэл зүрхэнд хүрсэн кинонуудад ч тогломоор байна. Хайртай нөхөр, хартай залуу гээд л өөрийгөө эвдсэн, танихын аргагүй болтол өөрчилсөн гээд олон дүр бүтээмээр байна. Тэрнээс биш би энэ дүрийг бүтээчихлээ, за болъё, одоо дууссан гээд зогсох нь утгагүй биз дээ (инээв.сурв)
-Одоо та ямар уран бүтээл дээр ажиллаж байна. Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаасаа хуваалцахгүй юу?
-Манай хамтлаг энтертайнмент байгуулсан. Энэ чиглэлээр “444” нэртэй инээдмийн адал явдалт киноны зураг авалтын ажил хийгдэж байна. Хамтлагаараа энэхүү киноны ажлаа дуусгаад, залуучуудад зориулсан драмын жүжгийн ажилд ханцуй шамдан орно. Мөн энэ ондоо амжихгүй ч гэсэн ирэх ондоо багтаад цомог гаргахаар төлөвлөж байна.
-Монголын кино урлагийн салбар дэлхийн аль түвшинд явж байна гэж дүгнэдэг вэ. Урагшилж байна уу, ухарч байна уу?
-Урагшилж байна. Олон кино, улам илүү чанаржиж гарч байна. Энэ маягаар явбал Холливуд гэх том айлын хаалгыг мөдхөн татна.
-Жүжигчид дэлхийн тавцанд гарахад юу учир дутагдалтай, ямар хүндрэл бэрхшээл тулгарч байна вэ?
-Хамгийн түрүүнд хэлний бэрхшээл тулгарч байна. Түүнээс биш авьяас чадвараар дутагдах, гологдох зүйл байхгүй. Хаана ч очсон үнэлэгдэнэ. Саяхан Дубайд “Fujairah International Arts Festival”-д очоод ирлээ. Энэ үеэр маш олон орны уран бүтээлч моно жүжиг тоглосон. Бидэнд хэл гээд том саад бэрхшээл тулгардаг болохоос уран бүтээлчийн чансаа, бүтээлийн найруулга, жүжгийн тавилт яг адилхан түвшинд байна.