Венесуэль улс эдийн засгийн хямралд өртөж инфляцын түвшин энэ оны сүүл гэхэд нэг сая хувьд хүрнэ гэж ОУВС-гаас анхааруулаад байна. Энэ нь нэг америк долларыг нэг сая боливараар худалдаж авах хэмжээнд хүрнэ гэсэн үг юм. Үүнээс болж боливар мөнгөний ханш унаж маш их хэмжээгээр мөнгө үйлдвэрлэсээр хүндхэн асуудалтай тулгараад байгаа юм. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд тус улсын засгийн газраас шинэ мөнгөн тэмдэг гаргаж боливарын мөнгөн тэмдэгтийн 5 тэгийг хасахаар болсноо тус улсын ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгдсэн байна. Шинэ мөнгөн тэмдэгтийг наймдугаар сараас эхлэн гүйлгээнд оруулах аж.
Одоогийн “bolívar fuerte” 1000-100,000 боливарын дэвсгэртийг гүйлгээнээс хасч оронд нь “bolívar soberano” 2-500 боливарын шинэ дэвсгэртүүдийг гүйлгээнд ашиглахаар болсон байна. Мөн Венесуэль улс зоос ашиглаж байна. Нэг соберано зоос 100,000 фуэртестэй тэнцэнэ.
Нэг жилийн өмнө аяга кофе Венесуэльд 2300 боливар байдаг байсан бол одоо 2,000,000 болох аюултай байгаа юм. Шинэ мөнгөн тэмдэгт гарснаар нэг аяга кофе 20 боливар болох аж.
Венесуэлийн эдийн засагчид тус шинэчлэлийг богино хугацаанд аргацаасан шийдвэр хэмээн шүүмжилсэн байна. Учир нь энэ шинэчлэл “хяналтаас гарсан” инфляц эдийн засгийг тэр чигт нь сүйрүүлж байгаа асуудлыг шийдэж чадахгүй гэжээ.
Венесуэльд өнгөрсөн жил буюу 2017 онд инфляц 2820 хувь, энэ жилийн эхээр 12,870 хувь харин энэ жилийн сүүл гэхэд инцляц 1,000,000 хувьд хүрч 1920 онд Герман, 2000 онд Зимбабвед нүүрлэж байсан шиг түүх давтагдана гэж ОУВС анхааруулсан юм. Венесуэльд эдийн засгийн нөхцөл байдал тун хүнд байгаа энэ үед худалдаачид боливар мөнгөн тэмдэгтээр хийсэн цүнх, түрийвч, малгай зэргийг зарж байгаа аж. Мөнгөний ханш унасан тул хямрал туйлдаа хүрч хүмүүс эх орноосоо дүрвэж байгаа гэжээ.