Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын дарга М.Энхболд нарын "тулаан" ширүүсч байгаа талаар эх сурвалжууд өгүүлж байна. Энэ нь гүйцэтгэх засаглалын тэргүүний туслах Э-г 600 сая төгрөгийн хээл хахууль авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр Авлигатай тэмцэх газраас саатуулан шалгаж эхэлснээр илэрч байна уу гэлтэй. Өөрөөр хэлбэл МАН-ын дарга М.Энхболд У.Хүрэлсүхийн ойр тойрныхныг оролдоод эхэллээ гэж ажиглагчид үзэж буй юм.
Өмнө нь ч тэд тэгтлээ их эв түнжинтэй байсангүй. Одоогоос гурван жилийн тэртээ Ч.Сайханбилэгийн Шийдлийн Засгийн газрын Шадар сайдаар М.Энхболд сонгогдоогүйн цаад учрыг У.Хүрэлсүхтэй холбон тайлбарладаг. Намын даргын хувьд М.Энхболдод дээрх суудалд суух эрх нь нээлттэй байсан ч тухайн үед Австралиас нисэж ирсэн У.Хүрэлсүх нам дотроо “хор найруулж”, намын даргынхаа эсрэг ажилласан гэх мэдээлэл дэгдэж шуугиан тарьсан билээ.
Энэхүү хэрүүл тэмцлийг намжаах үүднээс М.Энхболд Шадар сайдын суудлыг У.Хүрэлсүхэд бэлэглэсэн гэлцдэг. У.Хүрэлсүхийн хувьд он солигдохоос өмнө нам нь засгаас гармагц намын ээлжит бус их хурлыг хуралдуулж, улмаар намын даргад нэр дэвшин УИХ-ын сонгуульд МАН-ыг манлайлан оролцох нууцхан хүслээ хааяа нэг намын нөхөддөө цухуйлгах болсон нь М.Энхболдын дургүйцэл, зэвүүцлийг төрүүлсэн гэдэг.
Өнгөрсөн оны наймдугаар сард У.Хүрэлсүхийг тагнаж чагнасан асуудал боссоны цаана М.Энхболд байгаа талаар улс төрийн хүрээнийхэн ярьж байв. Шадар сайд У.Хүрэлсүх "Намайг дөрөвдүгээр сараас хойш дагаж эхэлсэн. Сүүлдээ бүр намайг хэрэгт оруулах гээд байна уу гэж нүүрэн дээр чинь хэлсэн байх аа. Намайг бүр авгай хүүхэдтэйгээ Солонгост явахад хүртэл очиж тагнасан. Бүр хөл, гарыг минь таслаад, сүүлдээ намайг, бас намын шударга гишүүдийг "Халиарууд" гэж нэрлэсэн байх аа.
Би өмнө нь сонгуульд унах үедээ шууд л ажлаа өгсөн. М.Энхболд оо, чи “60 тэрбум”-ын хэрэгт холбогдсон. Наад ажлаа өг. Ж.Эрдэнэбат аа, чи засгаа муу удирдаж, сонгуульд унагасан. Чи ажлаа өг. Би Шадар сайдаа өгч байна. Би зөвхөн хоёр гурван даргын тухай ярьж байна. Кабинетын гишүүдийн тухай яриагүй шүү. Албан тушаалгүй, иргэн болж байгаад үзэлцье, за юу. Одоо хангалттай. М.Энхболд оо, чи Ерөнхий сайд байж үзлээ. Намын дарга байж үзлээ. УИХ-ын дарга хүртэл хийлээ. Одоо болно. Чи улс орныхоо төлөө зүгээр л явж үз. Та нар намайг алчихдаггүй юм бол, хилс хэргээд суулгачихдаггүй л юм бол энэ намын төлөө би ясаа цайтал явна" гэж намынхаа Удирдах зөвлөлийн хаалттай хуралдаан дээр хэлсэн байдаг.
Өнгөрсөн хоёр хоногт Л.Оюун-Эрдэнэ гишүүнд хариуцлага тооцох хүсэлтийг Авлигатай тэмцэх газраас УИХ-ын Төрийн байгуулалтын хорооны дарга Д.Лүндээжанцанд хаяглан илгээсэн тухай мэдээлэл олны анхаарлыг татаж буй юм. Дээр нь Ерөнхий сайдын туслах Э-г цагдан хорьж шалгаж эхэлсэн зэрэг нь У.Хүрэлсүхэд М.Энхболдын үзүүлж буй “хариу мэх”-үүдийн нэг гэж тайлбарлах хүн олон байна.
Уг нь Л.Оюун-Эрдэнэ гишүүн өнгөрсөн зургадугаар сарын дундуур “60 тэрбум”-ын гэх бичлэгийн талаар тайлбар авахаар Авлигатай тэмцэх газрын даргад хандсан байдаг. Гэтэл АТГ-аас УИХ-д Л.Оюун-Эрдэнийг улс төрийн дарамт шахалт үзүүлж байна, хариуцлага тооцоод өгөөч гэж хандсан байх жишээтэй.
Иргэд “Ми-гийн хувийн компанийн шоронгийн асуудал эрхэлсэн тасаг Монгол Улсын парламентыг заналхийлжээ. Сайн муу нь чухал биш. Улсын маань төрийг барих дээд байгууллага юм шүү дээ” хэмээн АТГ-ын энэ үйлдэлд илтэд дургүйлхэж буй юм.
Намрын халуун өдрүүдэд улс төрийн олон сонирхолтой жүжиг тавигдах бололтой.