"Tesla" компани Шанхай хотын захиргаатай хамтран цахилгаан автомашины үйлдвэр барина
"Tesla" болон Шанхай хотын захиргаа цахилгаан машины үйлдвэр барих гэрээнд харилцан гарын үсгээ зурцгаалаа.
“Бүх шаардлагатай зөвшөөрөл өгөгдсөний дараа барилгын ажлаа эхлэхээр төлөвлөж байна” хэмээн компанийн төлөөлөгч цахимаар мэдэгджээ.
Барилгын ажил эхэлсэн өдрөөсөө хойш хоёр жилийн хугацаанд бүрэн дуусах бөгөөд дараагаар нь машинаа үйлдвэрлэж эхлэх аж. Уг үйлдвэрээ "Gigafactory 3" хэмээн нэрлэсэн юм байна. Үйлдвэрийн нэг жилд үйлдвэрлэх дээд хүчин чадал нь 500.000 ширхэг гэж "Tesla" мэдэгджээ. Мөн нэмэлтээр "Tesla" уг үйлдвэртээ хийж болох нэмэлт дэвшилт, шинэчлэл юу байдаг юм бүгдийг нь хайж эрэлхийлж байгаагаа хэлсэн байна.
Сүүлийн үед Хятад дахь "Tesla" машины үнэ эрс өсөх болсон бөгөөд автомашин үйлдвэрлэгчид үүнийг нь Хятад улсын засгийн газар АНУ-аас орж ирж байгаа зарим нэг хүнс, авто хэрэгсэлд нэмэлт тариф авч байгаатай холбоотой гэж үзэж байгаа юм. Харин "Tesla"-ын үйлдвэр Хятадад баригдсанаар тус улсын зах зээлийг машинаар хангаж тэр тарифыг өгөх шаардлагагүй болох байх.
Мөн Элон Маскийн хэлж байгаагаар удахгүй Европын орнуудаар 10-12 "Gigafactory" барьж дэлхий даяар үйлдвэртэй болох байх гэсэн найдлага байгаа ажээ.
"Tesla" яг одоогийн байдлаар АНУ дахь салбарууд дээрээ "Model 3"-аа эрчимтэй үйлдвэрлэх буюу 7 хоногт 5000-г үйлдвэрлэж байсан рекордоо эвдэж 6000 хүргэх гэсэн зорилго тавин шаргуу ажиллаж байгаа аж. Учир нь тэдэнд 420,000 ширхэг "Model 3"-ын захиалга байгаа бөгөөд ердөө 28386 ширхэгийг нь л эзэнд нь хүргэсэн байгаа юм.
Гэсэн ч төлөөлөгчид хэлэхдээ Хятад улсад хийж байгаа хөрөнгө оруулалтууд АНУ-дахь үйлдвэрлэлд огтхон ч нөлөөлөхгүй гэж хэлжээ.
Эх сурвалж: cardoctor.mn