Баяртай эх орон минь, нулимсаа арчаад буцаад явъя даа…
Хоолой зангиран, цээж хөндүүрлэж, нулимс юу юугүй урсчих гээд, бүртийтэл хараад үлдэж байгаа аав ээжийнхээ санааг зовоочих вий гэсэндээ нулимсаа нуун яаран онгоц руугаа алхлаа. Онгоцондоо суугаад эргэн тойрноо харахад хайртай аав ээжийгээ, хань үр хүүхдээ орхиод над шиг л ажиллахаар явж байгаа залуус харагдана. Бид яагаад эх орондоо элэг бүтэн, гэр бүлтэйгээ хамт байж, хүн шиг ажиллаж амьдарч болохгүй байгаа юм бэ?
Аавын маань бие муу байгаа. Элэгний хорт хавдартай болсныг нь сар гаруйхны өмнө бид мэдсэн. Тэр өдрөөс хойш шөнө бүр би аавыгаа аваад гадаадад эмчилгээнд явчихаж чадахгүй, арчаагүй чадалгүй байгаадаа өөрийгөө зүхэж, улсын эмнэлгүүдийн оочер дараалалд өвчиндөө шаналсан ч тэвчиж суугааг нь хараад зүрх давчидсаар буцаад Солонгос руугаа явъя гэж шийдсэн юм. Уг нь би хэд хоногийн нас үлдсэнийг нь мэдэхгүй ч аавынхаа дэргэд баймаар л байна…
Гэвч өвчин намдаах эм тариа, эмч нь уувал сайн гэж зөвлөсөн хүр хорхойн бэлдмэл, уураг дуслыг нь авахад энд ажиллаад авах цалин минь даанч хүрэхгүй.
Нисэх буудал руу явах гээд аавдаа үнсүүлэхэд “Дахиад уулзах болов уу даа” гэсэн бодол сэтгэл урж, аав минь ч гэсэн тийм харцаар харах шиг санагдсан.
Эрх баригчид минь ээ, ард иргэд бид чинь эх орондоо амьдармаар байна. Ээжийнхээ, аавынхаа дэргэд элэг бүтэн амьдармаар байна. Өглөө аав ээждээ галлаж, цайг нь чанаж өгчихөөд сэтгэл дулаан гэрээсээ гарч, орой ажлаа тараад цайны сүүгээ бариад гэртээ гүйгээд очмоор байна.
Баян тарган байя, хэдэн саяын цалин бэлэн авъя гэсэнгүй. Иргэд биднийгээ багахан дарлаж, олж байгаа хэдээс нь хумслахаа больж, жижиг дунд бизнес хийх гэж хичээж зүтгэж байгаа хүмүүсээ татвараар дарамтлахаа болиоч ээ гэж гуйж байна.
Би их сургуулиа төгсөөд Солонгост очиж гурван жил ажилласан. Тэр гурван жилд өглөө үүрээр босч үдшийн бүрийгээр гэртээ орж ирсээр авч байгаа цалингаасаа сар бүр ар гэр рүүгээ явуулж, хэдэн дүү нарынхаа сургалтын төлбөрт нэмэрлэсээр овойж оцойтол хурааж хумьсан юмгүй эх орондоо ирсэн. Гэхдээ би сэтгэл дүүрэн, эх орондоо ажиллаж хөдөлмөрлөөд хичээж зүтгээд хүн шиг амьдарна даа гэсэн итгэл дүүрэн ирсэн. Гэвч би чадсангүй.
Багахан мөнгөөрөө жижиг бизнес эхлэх гээд компани байгуулсан. Өнөөхөө үйл ажиллагааг нь эхлүүлж чадалгүй явсаар хэлэн сарын дараа эхлүүлэх гэтэл санхүү татварын тайлан тооцоог өгөөгүй учраас 4 сая гаран төгрөгийн торгууль төлөх ёстой болсноо мэдлээ. Компани байгуулж татвар дээр бүртгүүлэхэд хэдэн ярвайсан байцаагч нар нь хар яр гэж харьцахаас яах ийх ёстойг нь хэлээд өгдөггүй, үйл ажиллагаагаа эхлүүлээгүй байсан ч тайлан өгөх ёстой шүү гээд хэлээд өгчихдөг байсан бол над шиг олон зуун иргэд өндөр төлбөрт унахгүй л байх байсан. Дүүрэг болгоны татварын албадаар дүүрэн тайлангаа өгөх ёстойгоо мэдээгүйгээс торгууль тавиулсан хүмүүс.
Хуучин бол нэг удаагийн тайлан өгөөгүй бол 1.2 саяын торгууль төлдөг байсан бол Шинэ Зөрчлийн хуулиар нэмэгдээд 4 сая болсон гэнэ. Арай л аймаар… Хэн ч хэлж өгөхгүй, мэдээлэлгүй байлгаж байгаад л дааж давшгүй торгууль тавьдаг юм байна.
тэрийг нь төлөхгүй бол мэдээж үйл ажиллагаагаа явуулж болохгүй. Ингээд л компани байгуулах гэж бичиг цаас болж, нөгөө аймшигтай хүнд сурталтай Улсын бүртгэлийн газраас өчнөөн хоног явж, тамга тэмдэг хийлгэсэн ажил минь замхран одлоо. Одоо тэгээд торгуулийг нь төлөхгүй бол улирал өнгөрөх бүрт торгууль нэмэгдээд л нэг л өдөр би ачигдаад явах бололтой.
Солонгост Монголоос очиж ажиллаж байгаа залуус дунд эмч, багш, хуульч, орчуулагч, инженер гээд бүхий л мэргэжлийн хүмүүс байна. Тэд Монголд мэргэжлээрээ ажиллаад 700-900 мянган төгрөгийн цалин авдаг бол Солонгост зүгээр нэг буудлын цэвэрлэгч хийлээ гэхэд 2 – 3 саяар нь авч байна.
Монголын ирээдүйг бэлтгэж байгаа багшаа үнэлж байгаа цалин солонгосын цэвэрлэгчээ үнэлж байгаа цалингаас хэд дахин бага байна гээд бодоод үз дээ. Үнэхээр харамсмаар…
Монголдоо амьдрахад хэцүү байна гэхээр: “тэгээд тэр сайхан орон руугаа зайлаач, битгий Монголд дахиж ирээрэй” гэж хараах хүн ч гарах юм. Бид дуртайдаа, бэлэн мөнгөөр бороо ороод байлаг болохоор гадаадад очиж ажиллаж байна гэж боддог бололтой. Ямар их хичээж зүтгэж, цаг наргүй хөдөлмөрлөдөг гэдгийг даанч мэдэхгүй байна.
Залуус бид Эх орондоо хайртай. Бид гэр бүлтэйгээ Эх орондоо баймаар байна.
Гэвч амьдрах арга даанч алга. Тиймээс нулимсаа арчаад, харийн орон руу буцаж байна даа. Эргээд ирэхэд ээж, аав минь эсэн мэнд байх болтугай, эргээд ирэхэд Эх орон минь идэж ууж ханаж цаддаггүй авлигачдаасаа салсан байх болтугай, эргээд ирэхэд улсыг удирдаж байгаа эрх баригчид нь ард иргэдээ шулахаасаа өмнө өөрсдийнхөө илүү хэрэглээг танаж чаддаг болсон байх болтугай.
Баяртай Эх орон минь. Над шиг олон залуус чинь нулимс дүүрэн нүдээр онгоцны цонхоор ширтсээр буцаж байгаа шүү…
Эх сурвалж: mongolcom.mn