АТГ-аас УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хороонд гомдол гаргав
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ болон нэр бүхий гишүүд 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр УИХ-ын дарга М.Энхболдод хандаж гаргасан шаардлагын агуулгатай холбогдуулан Авлигатай тэмцэх газраас УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хандан гомдол хүргүүллээ.
Авлигатай тэмцэх газар хэрэг гомдлыг дангаараа бие даан шийдвэрлэж байгаа, улс төрийн нөлөөгөөр эрүүгийн хэргийг замхруулдаг, дарагдуулдаг мэтээр гүтгэн олон нийтэд мэдээлэх, УИХ-аас томилогддог албан тушаалтныг огцруулах, түүнийг томилсон УИХ-ын шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага гаргах нэрээр улс төрийн дарамт, шахалт үзүүлэн, ёс зүйгүй үйлдлийг удаа дараа гаргаж байгаа тул Авлигатай тэмцэх газар ийнхүү гомдол гаргалаа.
Авлигатай тэмцэх газар дур мэдэн аливаа эрүүгийн хэрэг, гомдол мэдээллийг дарагдуулах, замхруулах хууль эрх зүйн ямар ч боломжгүй бөгөөд Үндсэн хуульд зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх бүхий л үйл ажиллагаа прокурорын байнгын хяналт дор явагдаж, хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон аливаа шийдвэр гаргах эрх прокурор, шүүхэд хадгалагддаг.
Хуульд зааснаас бусад ямар ч үндэслэлээр Авлигатай тэмцэх газрын даргыг огцруулах, чөлөөлөх эрх УИХ-ын гишүүн төдийгүй бусад хэн нэгэн этгээдэд олгогдоогүй тул дээр дурдсан үндэслэл нь хуулийн холбогдох заалтыг зөрчиж байгаа талаар Авлигатай тэмцэх газраас гаргасан гомдолд дурджээ.
Мөн дээрх үйлдлээрээ УИХ-ын гишүүн төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээр өргөсөн тангаргаа зөрчин, улс төрийн сонирхлоор асуудалд хандаж, олон нийтийн шударга, үнэн зөв мэдээллээр хангагдах эрх зөрчигдөж байгаа тул Л.Оюун-Эрдэнэ болон нэр бүхий УИХ-ын гишүүдийн хууль зөрчсөн үйлдлийг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж, хариуцлага тооцуулахаар Авлигатай тэмцэх газраас УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хандлаа.