БНСУ-д энэ сараас долоо хоногт ажиллах цагийг 68-аас 52 болгон бууруулсан хууль хэрэгжиж байна. Тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний баталсан энэ хууль иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн болохыг “Korean herald” сэтгүүлд мэдээлжээ.
Шинэ хуулийн дагуу Өмнөд Солонгосын ажилчин, албан хаагчид долоо хоногт 40-өөс багагүй цаг ажиллах ёстойгоос гадна илүү 12 цаг л ажиллах эрхтэй болсон байна. 300-гаас дээш ажилтантай компани, төр, засгийн байгууллагууд уг хуулийг хэрэгжүүлэх ёстой. Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд арай хожуу хэрэгжих гэнэ. Тодруулбал, 50-300 ажилтантай бол 2020, 5-50 ажилтантай бол 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс шинэ журам үйлчилж эхлэх аж.
Шилжилтийн эхний зургаан сарын хугацаанд анх удаа зөрчил гаргасан компанид ямар нэг арга хэмжээ авахгүйгээр байдлаа өөрчлөх боломж олгох гэнэ. Түүнээс цааш хууль зөрчсөн ажил олгогчид хоёр хүртэл жил шоронд хорих, эсвэл 20 сая орчим вон буюу 17 960 ам.долларын торгууль төлөх шийтгэл оноох юм. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавихын тулд Хөдөлмөрийн яам нь 600 мэргэжилтэн дээрээ нэмж 200 байцаагч ажилд авчээ.
Өмнөд Солонгосын оршин суугчдын олонх нь Хөдөлмөрийн хуульд орсон өөрчлөлтийг талархан хүлээн авсан байна. “Би баяртай байна. Олон хүн хэвийнд тооцогддог ажлаас гарах олон шалтгаан надад байсан. Тэдгээрийн нэг нь ажлын хэт их ачаалал байсан юм” гэж хоёр жилийн өмнө том компаниас халагдаж, хувийн жижиг бизнес эрхэлдэг болсон, Сөүлийн 29 настай оршин суугч эмэгтэй Шин На-еун ярьжээ. Ажилтан хүрэлцэхгүйн улмаас компанидаа хэт ачаалалтай ажиллаж, байнга шахам гэртээ ажлаа үргэлжлүүлэн хийхэд хүрдэг байсан гэнэ. Хэн ч түүнээс шаарддаггүй байсан ч даалгасан ажлыг дуусгахын тулд илүү цаг ажиллахаас өөр аргагүй байснаа Шин өгүүлэв.
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүд дунд долоо хоногийн ажлын хамгийн урт цагтай орнуудын нэг нь Өмнөд Солонгос аж. Гуравдугаар сард Жендерийн тэгш эрхийн сайд нь ажлын өдрийн үргэлжлэх хугацааг хүнлэг бус гээд, төрөлтийн түвшин түгшүүр зарлахаар доод түвшинд хүрсэн, хүн ам хөгширсан гол шалтгаануудын нэгээр зарлажээ.
Шинэ хууль хэрэгжихээс өмнө өмнөд солонгосчууд жилд АНУ, Италийн ажилтнуудаас 300, Герман, Норвегийнхоос 700 цагаар илүү ажилладаг байв. Судалгаанаас үзвэл ажлын урт өдөр ажлын бүтээмж дээшлэх баталгаа болдоггүй. БНСУ-ын хөдөлмөрийн хөлс 2014 онд цагт 31.9 ам.доллар байсан бол Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын орнуудад уг үзүүлэлт 49 ам.доллар байлаа. “Энэ нь соёл, хөдөлмөрийн зах зээлийн бүтэцтэй холбоотой. Бусад улсад ч ийм байдаг гэж бодохгүй байгаа ч Өмнөд Солонгосын хөдөлмөрийн зах зээлд хэн нэгний харилцаа, эсвэл харилцах туршлагыг мэдлэгээс илүү үнэлдэг. Надаас олон жил ажилласан хэрнээ тийм ч нэр хүндтэй биш ажилтнууд компанидаа үнэнчээ харуулах гэж илүү цагаар суудаг. Ингэлээ гээд тэд бусдаас илүү амжилт олдоггүй” гэж нэрээ нууцалсан, нэгэн компанийн ажилтан ярьжээ.
Үүний сацуу ажлын хэт ачаалал сэтгэл, мэдрэлийн өвчин тусаж, амиа хорлох тохиолдол нэмэгдэхэд хүргэдэг гэж шинжээчид үзэж байна. Судалгаанаас үзвэл Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудын дунд амиа хорлосон иргэдийнхээ тоогоор БНСУ жагсаалтын дээгүүр ордог гэнэ.
Гэхдээ тус улсын иргэд бүгд Хөдөлмөрийн хуульд нь орсон өөрчлөлтөд сэтгэл хангалуун байна уу гэвэл үгүй аж. Хөдөлмөр эрхлэлтийн албанаас явуулсан судалгаанд хамрагдахыг зөвшөөрсөн 905 ажилчны 55.2 хувь нь ямар ч тохиолдолд илүү цаг ажиллах шаардлагатай болдогтоо санаа зовж буйгаа илэрхийлжээ. Бас хуулиа өөрчлөхдөө илүү цаг ажилласны нөхөн төлбөр олгох баталгаагүй болгосон гэнэ. Урьд нь Өмнөд Солонгосын иргэд илүү цаг ажилласны төлбөр авах эрхтэй байжээ.