Нүүрсний машинууд зэрэгцэж зөрөх боломжгүй байна
Өмнөговь аймгийн Таван толгойгоос Гашуун сухайт чиглэлийн замын зарим хэсэгт хөвөө нь үерийн улмаас гэмтсэн учир нүүрс тээвэрлэлтийн машинууд зэрэгцэж зөрөх боломжгүй байна.
Энэ талаар Гашуун сухайт авто зам ХХК-иас тодруулахад "Нүүрс тээвэрлэлтийн замын зорчих хэсэг гэмтэл бага байгаа. Харин замын хөвөө нь дөрвөн газраа 20-60м эвдрэлтэй байна. Үүний улмаас нүүрс тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах үүднээс замын хөвөө нь эвдэрсэн хэсэгт машинуудыг дангаар нь нэвтрүүлж байна. Маргааш гэхэд засварын ажил бүрэн дуусна" гэлээ. Уг 245 км авто замын дагуу өчигдөр усархаг бороо орсны улмаас 109, 121, 122, 123, 124, 127, 138, 142, 144, 147, 162км дээр үерийн ус замын зорчих хэсгийг давж орж ирсэн. Тиймээс замын зорчих хэсэг харагдахгүй автомашин явах боломжгүй болсон тул өчигдөр 13 цагийн үеэс замын хөдөлгөөнийг хаасан байна. Харин өнөөдөр өглөө замын хөдөлгөөнийг нээжээ.