Тэрбум гаруй төгрөгийн хахуулийн хэрэгт холбогдсон байцаагчийг цагаатгажээ
Тэрбум гаруй төгрөгийн хахуулийн хэрэгт холбогдсон гаалийн улсын байцаагч Б-д холбогдох хэргийг АТГ-аас шалгаж хянаад улмаар шүүхэд шилжүүлсэн байна.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхээр эл хэргийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд дээрх этгээдийг хахууль авсан гэдгийг мөрдөн байцаагч, прокурорууд нотолж чадаагүй гэх үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоол гаргасан байна. Үүнээс хойш хоёр сарын дараа эл хэргийг Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцэхдээ мөн л тухайн нэг тэрбум гаруй төгрөгийн орлогыг хахуулийн замаар олсон гэдгийг нотлоогүй гэх шалтгаанаар анхан шатны шүүхээс гаргасан цагаатгах тогтоолыг хэвээр үлдсээж шийдвэрлэсэн байх юм.
Харин Улсын дээр шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхээс гаргасан дээрх шийдвэрүүдийг өнгөрсөн зургадугаар сард хянажээ. Улмаар анхан болон давж заалдах шатны шүүхээс улсын байцаагч Б-г цагаатгасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, энэ хэргийг дахин хэлэлцүүлэхээр урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасан байна. Тэгэхээр энэ хэрэг ямартаа ч дахин анхан шатны шүүхээр хэлэлцэгдэх нь.
ТЭРБЭЭР ААВ, АХ, ДҮҮ, ХАМТРАН АМЬДРАГЧ, САЛСАН ЭХНЭРИЙНХЭЭ ДАНСААР ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГИЙН ШИЛЖҮҮЛЭН АВЧ ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖСӨН ХЭРЭГТ ХОЛБОГДЖЭЭ
Гаалийн улсын байцаагч Б чухам ямар хэрэгт холбогдсон талар та бүхэнд сийрүүлье. Тэрбээр 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гааль эрх зүйч мэргэжилтэй. Тэрбээр гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа хууль ёсны орлогоосоо гадна өөрийн эцэг Г-ийн ХААН банкны … тоот дансаар 2012 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны наймдугаар сарын 06-ны өдрийн хооронд 43 удаагийн гүйлгээгээр 1,475,100 юань буюу 328,410,589 төгрөг, Голомт банкны ...тоот дансаар 2012 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2013 оны 02-р сарын 23-ны өдрийн хооронд 4 удаагийн гүйлгээгээр 163,000 юань буюу 36,637,320 төгрөг.
-Өөрийн төрсөн ах З-ийн ХААН банкны … тоот дансанд 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хооронд 13 удаагийн гүйлгээгээр 1,339,700 юань буюу 300,322,612 төгрөг,
-Өөрийн төрсөн дүү З болон эцэг Г нарын хамтран эзэмшиж байгаа ХААН банкны … тоот дансаар 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хооронд 38 удаагийн гүйлгээгээр 1,131,700 юань буюу 315,692,825 төгрөг,
-Өөрийн хамтран амьдрагч С-ийн ХААН банкны … тоот дансаар 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хооронд 47 удаагийн гүйлгээгээр 455,185 юань буюу 108,979,212 төгрөг,
-Салсан эхнэр Н-ийн ХААН банкны … тоот дансаар 2012 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хооронд 3 удаагийн гүйлгээгээр 4,100 юань буюу 970,975 төгрөг, нийт 4,568,785 юань буюу 1,091,013,533 төгрөгийг шилжүүлэн авч хууль бусаар хөрөнгөжсөн гэмт хэрэгт холбогдсон байна.