Америкийн “TIME” сэтгүүл шинэхэн дугаарынхаа нүүрэнд саяхан Хельсинк хотноо уулзсан ПУТИН-ТРАМП нарын царайг нэгтгэж, нэг хүн болгосон зургийг нийтэлсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Тус сэтгүүл албан ёсны твиттер хуудастаа нэг нэгнийхээ төрхөнд хэрхэн уусч, нэг хүн болж буйг харуулсан хөдөлгөөнт дүрсийг байршуулсан байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинийг нэг болгосон шалтгаанаа “Тэд хамтдаа байхдаа нэг хүн болдог. Харин тусдаа байхдаа өөр хүн болдог” хэмээн ярьжээ.
ПУТИН-ТРАМП нар уулзах үедээ 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд ОХУ нөлөөлсөн гэх асуудлаар ярилцсан. Путин “Бид сонгуулийн дүнд нөлөөлөөгүй” хэмээсэн бол Трамп “ОХУ сонгуулийн дүнд нөлөөлсөн гэх зүйл харагдахгүй байна” гэж мэдэгдсэн билээ.
Харин Трамп Хельсинкээс Вашингтонд ирэх үедээ дээрх мэдэгдлээ үгүйсгэж, ОХУ, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн” гэсэн юм.