Казахстаны уран гулгалтын тамирчин залууг хэрцгийгээр хөнөөжээ
Казахстаны уран гулгалтын тамирчин Дэнис Тэн өчигдөр гэнэтийн халдлагад өртөж, 25 насандаа нас барсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
“Тамирчин залууг яаралтай Алматы хотын төв эмнэлэгт хүргэсэн боловч шархаа даалгүй амьсгал хураасан” талаар тус улсын Эрүүл мэндийн яамнаас уламжлав.
Хоёр этгээд тамирчин залуугийн машины толийг хулгайлах гэж байгаад эзэнд нь баригдаж, Тэнийг олон удаа хутгалж, амийг нь хөнөөсөн аж. Цагдаагийнхан уг хэрэгт эрүү үүсгэж, шалгаж эхэлсэн гэнэ.
Тэн 2014 онд ОХУ-ын Сочи хотноо болсон өвлийн олимпод амжилттай оролцож, хүрэл медаль хүртэж байсан юм. Мөн 2013, 2015 онд уран гулгалтын ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртсэн түүхтэй.
Дээрх мэдээний дараа ОУОХ-ын Ерөнхийлөгч Томас Бак твиттертээ “Итгэхийн аргагүй юм. Дэнис Тэн бол гайхалтай сайн тамирчин. Тэрээр их сайхан сэтгэлтэй. Ийм залуудаа амиа алдсанд харамсаж байна” хэмээн жиргэжээ.