Ш.Гантулга: Трампын уулзаж чадахгүй байсан ганц хүн нь Путин
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй хийсэн төрийн дээд хэмжээний уулзалтын талаар олон улсын тоймч Ш.Гантулгатай ярилцлаа.
–Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгч болсноос хойш анх удаа ОХУ-ын төрийн тэргүүнтэй ширээний хоёр талд суулаа. Үүнийг дэлхий нийт болоод тоймч, ажиглагчид хэрхэн дүгнэж байна вэ?
-Дональд Трампын хувьд ОХУ-ын тэргүүн В.Путинтэй албан ёсоор уулзаж чадахгүй хоёр жил тойрсны эцэст уулзлаа. Трампын хувьд 2016 оны арваннэгдүгээр сард АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан. Түүнээс өмнө ОХУ-тай харилцаагаа сайжруулна гэдгээ илэрхийлж байсан. Тэгвэл сонгуулийн дараа “Трампыг ялалт байгуулахад нь Оросын хакерууд тусласан, дэмжлэг үзүүлсэн” гэж хардсан. Иймээс Трампын хувьд В.Путинтэй уулзаж чадахгүй байсан. Уг нь “Өглөө” кинон дээр Ерөнхий сайд агсан Д.Бодоо “Ерөнхий сайд юм бол би Дамбийжаатай ч гэсэн уулзах эрхтэй биз дээ” гэж хэлж байдаг шиг дэлхийн том гүрний удирдагч Трамп хэнтэй ч уулзах чадалтай. Тэгвэл тэр АНУ-ын ерөнхийлөгч болоод ганц хүнтэй уулзаж чадалгүй өнөө хүрсэн нь энэ.
Үүнээс өмнө уулзах талаар ярьсан бол АНУ-ын хэвлэл, мэдээллээр өөрийнх нь эсрэг өгүүлэл гаргаж, кампанит ажил өрнөж мэдэх байсан биз. Ямартай ч энэ удаа Дональд Трампын хувьд В.Путинтэй уулзсан нь өөрийнх нь хувьд маш том ялалт. Өөрөөр хэлбэл, Трампын бодлого хэрэгжиж эхэлснийг энэ үйл явдал харуулж байгаа юм. Хоёр улсын төрийн тэргүүний уулзалт гадаад бодлого гэхээс илүү дотоод бодлоготой нь илүү холбоотой.
–Тэгвэл ОХУ, В.Путины хувьд энэ уулзалт ямар ач холбогдолтой вэ?
-ОХУ Европын холбооны хориг арга хэмжээнд өртөөд байгаа. Үүнээс гарахын тулд хамгийн түрүүнд АНУ-тай хэл амаа ололцох ёстой. Түүнчлэн Сирид ОХУ, АНУ-ын цэрэг юу юугүй сөргөлдөж болохоор ойрхон ирчихээд байгаа. Энэ мэт хэлэлцэж тохирох асуудал маш олон. Өөрөөр хэлбэл, хоёр ерөнхийлөгч уулзаж чадахгүй болохоор томоохон асуудлууд гарцаагүй хуримтлагдаад байсан гэсэн үг л дээ. Дональд Трампын зүгээс В.Путины тухайд сайн үг хэлэх эрхгүй байлаа. Энэ хугацаанд АНУ-ын бодлого дандаа ОХУ-ын эсрэг чиглэж байсан. Харин одоо В.Путинтэй уулзсаны дараагаар ОХУ-тай нааштай харилцааг эрхэмлэх, ямар нэг алхам хийх эрхтэй боллоо гэж болно. Дээд хэмжээний уулзалтын хамгийн гол ач холбогдол үүнд оршиж байгаа юм.
–Дональд Трамп үүний өмнө БНХАУ-ын дарга Си Жинпинь, Умард Солонгосын тэргүүн Ким Жон Ун, Германы канцлер Меркель нартай уулзсан. Эдгээр уулзалтын дараа тэд ямар шийдэл гаргасан гэж ойлгох вэ?
-Умардын тэргүүнийг эс тооцвол Трамп тэдэнтэй дуртай цагтаа уулзаж чадна. Уулзаж чадахгүй байсан ганц хүн нь В.Путин. Одоо тэр хоёр цаашид ч уулзах боломжтой боллоо. Энэ нь АНУ, ОХУ-ын харилцаанд эрс өөрчлөлтийг авчирна. Гэхдээ хоёр улсын харилцаа тэр даруй сайжирчихна гэж найдах хэрэггүй. Учир нь Трамп Оросын асуудлаар АНУ-д хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан хэвээр байгаа. Америкчууд Оросыг дайсан гэж үздэгтэй холбоогүй ч гэлээ АНУ-д улс төр, үзэл суртлын хоёр бүлгийн зөрчил явж байгаа. Трампын эсрэг хүчин бол Америкийн үндэстэн дамнасан корпорациуд, банк санхүүгийн эзэд, Уолл Стрийтийн гудамжны хүмүүсийн нэгдсэн асар их хүч юм. Тэдэнтэй харьцуулахад Трамп хүч султай. Түүний гол бодлого нь АНУ-ыг эргээд агуу болгоно, үүний тулд Америкийн аж үйлдвэрийг сэргээнэ гэж мэдэгдсэн. Аж үйлдвэрийг сэргээхийн тулд АНУ-д үйлдвэрлэлийг хөгжүүлнэ, ингэж байж иргэдээ дахин ажилтай болгоно. Тэгвэл энэ нь Америкийн элит давхаргынхан, либераль ардчилсан үзэлтнүүдийн байр суурьтай зөрчилддөг. Учир нь Америкийн банк, санхүүгийн эзэд жирийн иргэдийн эрх ашгийг гэхээс илүүтэй даяарчлах бодлогыг баримталж, чөлөөт худалдааны зарчмыг мөрддөг. Ийм байвал АНУ жишээ нь БНХАУ-тай худалдааны тэнцвэртэй харилцаа явуулж чадахгүйд хүрнэ. Байдал энэ хэвээр байвал хэзээ нэгэн цагт, сайндаа 10-20 жилийн дараа Хятад улс тэртэй тэргүй АНУ-аас давж гарна. АНУ гурав дахь ертөнцийн хамгийн ядуу улс болж хувирна. Ийм зүйл гаргуулахгүйн тулд Дональд Трамп АНУ-аа агуу болгоно гэж тэмцэж байгаа юм. Тэгвэл Трампыг зогсоох арга нь “Тэр сонгуульд жинхэнээсээ ялаагүй. Түүнийг Оросын хакерууд гаргаж ирсэн” гэх үзэл суртлын гох дэгээ болчихоод байна. Тэгэхээр энэ уулзалтын гол зорилго нь цаанаа АНУ-ын дотоод зөрчлийг дарахтай холбоотой.
–Трамп, В.Путин нарын дээд хэмжээний уулзалт оросуудын хэлж буйгаар хоёр цаг 10 минут, америкчуудын тооцоогоор нэг цаг 30 минут үргэлжилсэн гэж мэдээлж байна. Амжиж шийдсэн, яг таг тохирсон зүйл байгаа болов уу?
-Ийм богинохон хугацаанд дэлхий дахины ач холбогдолтой, нарийн төвөгтэй асуудлуудын нэгийг нь ч ярьж шийдэхэд амаргүй, тийм арга байхгүй. Сирийн асуудал, ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээ, Крымийн хойгийн асуудал гээд хоёр улсын харилцааг муутгахад нөлөөлсөн хүнд сэдвүүд олон байдаг. Чиглэл бүрт байдлыг сайжруулах нарийн төвөгтэй хэлэлцээр хийх ёстой. Энэ хугацаанд АНУ болон ОХУ-ын хооронд стратегийн зэвсэглэлийн асуудлаар олон хүндрэл, бэрхшээл хуримтлагдсан. Энэ бүхнийг хоёрхон цагийн дотор ярилцаж тохирох аргагүй. Тэгэхээр хоёр улсын тэргүүн анх удаа тайван байдалд ярилцаж, нүүр хагарснаараа ач холбогдолтой. Түүнээс энэ удаагийн чуулга уулзалтаар ямар нэг асуудлаар шийдэлд хүрсэн гэж хэлэх боломжгүй. Харин үүний дараагаар дахин уулзаж ярилцах, илүү нарийн тодорхой асуудлаар хоёр талын экспертүүдийг оролцуулсан уулзалт хийх боломжийг олж авсан.
–Бусад улсын зүгээс хоёр орны төрийн тэргүүний дээд хэмжээний уулзалтаас юу хүлээж байсан бол?
-АНУ, ОХУ-ын харилцаа улам муудаад байх юм бол энэ нь америкчууд болон ОХУ, Европын холбооны аль алинд нь ашиггүй. Хоёр улсын харилцаа муудах нь Европын холбоо, ОХУ-ын харилцаа муудахад шууд нөлөөлнө. Америкчууд Европын холбоонд шахалт үзүүлэх замаар ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авахыг шаарддаг. Түүнчлэн Европын холбооны гишүүн зарим орны нутаг дэвсгэр дээр НАТО-гийн цэргийн хүчийг байрлуулж байгаа шүү дээ. Энэ нь ОХУ-ын хувьд муу мэдээ. Үүнийг оросууд хэзээнээс эсэргүүцсээр ирсэн. Гэхдээ сүүлийн үед болж байгаа үйл явдал нь АНУ, ОХУ-ын хооронд дайсагнасан харилцаатай байх нь америкчуудад ашиггүй байхаар эргэж байгаа. Яагаад гэвэл Трамп АНУ-ын аж үйлдвэрийг хамгаалах бодлогыг үргэлжлүүлэхийн тулд Хятад улстай худалдааны дайн зарлачихлаа. Америкийн холбоотон бүх улстай муудалцаж байгаа. Мексик, Канад гэхчлэн Европын холбооны гишүүн орнуудтай хүртэл гаалийн татварыг нэмэгдүүлснээс болж муудалцсан. АНУ хэтэрхий олон дайсантай байх аргагүй. Аль нэг холбоотонтойгоо муудалцаж шинэ дайсантай болсон юм чинь хуучин дайсантайгаа бас эвлэрэх шаардлага гарч ирж байгаа. ОХУ-ын хувьд мэдээж АНУ-тай харилцаагаа сайжруулах нь хамгийн чухал. Яагаад гэвэл, АНУ одоохондоо дэлхийн хамгийн хүчирхэг капиталист улс хэвээр байгаа. Америк доллар дэлхийн төлбөр тооцооны гол хэрэгсэл хэвээр байна. Ийм учраас өөрсдийн эсрэг авсан хориг арга хэмжээг аль болох хурдан цуцлуулах нь тэдэнд ашигтай. Тэгээд ч яг одоо ОХУ-д тэтгэврийн асуудлаас болж эдийн засаг муудаж байгаагийн эхний шинж тэмдгүүд илрээд байна. Иймд харилцаагаа сайжруулах нь оросуудын хувьд хамгийн эрхэм юм. Бусад улс орны хувьд ч гэсэн хоёр том гүрний харилцаа сайжирч байсан нь дээр. Тэгэхгүй бол энэ нь дэлхийн III дайнд хүргэдэггүй юм гэхэд худалдаа, харилцаанд сөрөг нөлөөтэй. Манай улсын хувьд ч гэсэн муугаар нөлөөлнө.
–Эцэст нь асуухад Сирийн өнөөгийн байдлын талаар манай уншигчид сонирхож байгаа байх. Энэ талаар товч мэдээлэл өгнө үү?
-Сирид дайн ерөнхийдөө зогсч Ерөнхийлөгч Башар Асадын цэргүүд ялалт байгуулаад байна. Сирийн цэргүүд ялалт байгуулж, урагш амжилттай давшихын хэрээр нөхцөл байдал улам аюултай болж байгаа. Яагаад гэвэл, Сирийн арми Америкийн цэргийн баазуудад улам ойртоод байна. Хэзээ нэгэн цагт мөргөлдөөн гарч болзошгүй. Иймээс нөхцөл байдал улам аюултай болж байна. Хоёр улсын харилцаа муудаж байгаа үед хэлэлцэж тохиролцоход маш хэцүү. Цэргийн сөргөлдөөнөөс зайлсхийхийн тулд аль болох олон удаа уулзах нь чухал. Ингэж байж харилцааг сайжруулна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин