Хөл бөмбөгийн "Клубуудын ДАШТ-2019” тэмцээнийг БНХАУ-д зохион байгуулах томоохон боломж бий хэмээн Хятадын цахим худалдааны “Алибаба” группийг үүсгэн байгуулагч Жэк Ма болон Олон улсын хөл бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Жанни Инфантино нар уулзалт хийх үеэрээ хэлэлцсэн байна.
Энэхүү тэмцээний хамгийн том ивээн тэтгэгч нь“Алибаба” групп юм.
Тус группийн спортын асуудал хариуцсан “Aлиспортс” компанийн гүйцэтгэх захирал Жан Дажун уулзалтын дараа хэлэхдээ, “Хятадын бизнес эрхлэгчид болон Олон улсын хөл бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч нарын уулзалт цаг гаруй үргэлжилж, тэдний хооронд сэтгэл хөдлөм яриа хэлцээ болсон гэв.
Мөн тэрбээр, “Хятадад Клубуудын ДАШТ-ийг зохион байгуулах асуудал хаяанд байна. 2019 болон 2020 оны тэмцээнийг хоёуланг Хятадад зохион байгуулах магадлал өндөр байна. Гэвч бид зарим нэг журам, тохиролцооны асуудлыг зохицуулах шаардлагатай. Олон улсын хөл бөмбөгийн холбоо “Клубуудын ДАШТ”-ийг өргөжүүлэх зорилготой байгаагийн зэрэгцээ уг тэмцээнийг Хятадад зохион байгуулах асуудлыг дэмжиж байгаа явдал нь БНХАУ-ын хувьд гайхалтай боломж юм” гэсэн байна.
Олон улсын хөл бөмбөгийн холбооны харьяа зургаан холбооны аваргууд болон зохион байгуулагч орны лигийн аваргыг хамарсан “Клубуудын ДАШТ” нь жил бүр зохион байгуулагддаг өргөн хүрээтэй тэмцээн юм. “Клубуудын ДАШТ-2018” тэмцээн 12 дугаар сард Арабын Нэгдсэн Эмират Улсад болно.