Баярлаж хөөрсөн францчууд эмх замбараагүй байдал үүсгэжээ
Хөлбөмбөгийн ДАШТ өчигдөр өндөрлөж, “Алтан цом”-ын эзнээр Францын шигшээ баг тодорсон билээ. Дэлхийн өнцөг булан бүрт Францын фанатууд энэхүү баярт үйл явдлыг тэмдэглэж, баярлаж хөөрсөн нь лавтай. Харин шигшээ баг нь Москва хотноо ялалт байгуулсны дараа Франц даяар иргэд нь баяр тэмдэглэж, Парис хотын төв талбай алдарт Елисейн өргөн чөлөөнд нэг сая гаруй хүн цугларч сэтгэлийн хэт хөөрөлд автсан хүмүүс архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж үймээн дэгдээжээ.
Тэд жижиг мухлаг, автобусны зогсоолын шон зэргийг нураан замдаа тааралдсан автомашинуудыг хөмөрч байсан бөгөөд тэднийг тараахын тулд нулимс асгаруулагч хий, цахилгаан бороохой, бамбай зэргээр зэвсэглэсэн 40 мянган цагдаагийн ажилтан дайчлагдсан байна.