Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр /2018.07.15/ОХУ-ын Москва хотод өндөрлөлөө. 21 дэх удаагийн ДАШТ-ий аваргаар Францын шигшээ баг тодорч Хорват мөнгө, Бельги хүрэл медаль хүртсэн юм.
Английн шигшээ баг хагас шигшээд үлдсэн ч Хорват, Белгид хожигдон дөрөвдүгээр байрт орлоо. Гэхдээ энэ удаагийн дэлхийн аваргад Английн шигшээ багийн ахлагч Харри Кейн (Harry Kane) “Алтан шаахай” буюу шилдэг довтлогчийн шагналыг авлаа.
Харри Кэйн хэсгийн тоглолтод тав, хасагдах шатанд нэг гоол хийж, нийт зургаан гоолтойгоор мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлсэн юм. Тэрбээр Швед, Хорват, Белгитэй хийх тоглолтод гоол хийж чадаагүй ч түүний арын өрсөлдөгчид дөрвөн гоолтойгоор тэмцээнийг өндөрлүүлсэн. Тодруулбал, Португалын алдарт тоглогч Кристиано Роналдо, Белгийн Лукаку (Lukaku) болон Францын 19 настай од Килиан Мбаппе (Kylian Mbappé) нарын таван тоглогч дөрвөн гоолтой удаалжээ.
Мөн ДАШТ-ий шилдэг тоглогчийн “Алтан бөмбөг” шагналыг Хорватын шигшээ багийн хагас хамгаалагч Лука Модрич (Luka Mordic) авсан бөгөөд тэрбээр өчигдөр шагналаа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинээс гардан авсан юм.
Шилдэг хаалгачийн “Алтан бээлий” шагналыг Белгийн шигшээ багийн хаалгач Тито Куртуа (Tito Courtois), шилдэг залуу тоглогчоор Францын Килиан Мбаппе нар шалгарлаа.