Францчууд 20 жилийн дараа хөлбөмбөгийн ДАШТ-ий хошой аваргаар тодорлоо
Хөлбөмбөгийн 21 дэх удаагийн буюу 2018 оны ДАШТ-ий аваргын алтан цомын төлөөх тоглолт өнөөдөр Москвагийн цагаар 18 цагт /Улаанбаатарын цагаар 23 цагт/ Москва хотноо “Лужник” цэнгэлдэх хүрээлэнд Хорват, Францын шигшээ багийн халз тулаанаар эхэлж, франчууд 4:2-оор хожиж Дэлхийн аваргын "Алтан дагина" цомын эзнээр хоёр дахь удаагаа тодорлоо.
ДАШТ-ий аваргын төлөөх тоглолтын эхний хагасын 19 дэх минутад Гризманны хийсэн торгуулийн цохилтыг Манджукич мөргөж өөрийн хаалганд авто гоол оруулснаар 1:0-ээр францчууд тэргүүлж эхэлсэн юм. Хорватчуудын шургуу довтолгооны үр дүнд тоглолтын 28 дахь минутад Иван Перишич торгуулийн цохилтоос Францын хаалганд тэнцээний гоолыг оруулж үзэгч олны сэтгэлийг гэгэлзүүлсэн төдийгүй фанатуудын цөсийг хөөргөж, тэмцээний уур амьсгалыг өөрчилж чадлаа.
Харин энэ тоглолтын 38 дахь минутад Перишичийн гар бөмбөгөнд хүрснээр Гризманн 11 метрээс торгуулийн цохилт хийж, амжилттай гоол оруулснаар 2:1-ээр францчууд тэргүүлж эхэлсэн. Ийнхүү эхний хагас /45+3минут/ Францын шигшээгийн давамгайллаар өндөрлөв. Харин бөмбөг эзэмшилтээр Хорватын шигшээ баг илүүрхсэн юм.
Франц Хорватын хоёрдугаар хагасын тоглолтын 59 дэх минутад Погба, Хорватын хаалганд гоол хийснээр Францчууд 3:1-ээр хожиж эхэлсэн бол 65 дахь минутад Люка Эрнандесийн дамжуулалтаар Мбаппе дахин гоол оруулснаар 4:1-ээр хорватчуудыг Францын шигшээ баг илэрхий давамгайлж эхэллээ.
Харин Хорватын шигшээгийн багийн уур амьсгалыг сэргээсэн гоолыг 69 дэх минутад Марио Манджукич Францын хаалгачийн алдааг ашиглан гоол хийж 4:2 болгож чадсан юм. Энэхүү түүхэн тоглолтын сүүлийн хагасын 21 /+5/ минутын турш хорватууд ширүүн довтолсон ч дахин гоол оруулж чадалгүй цаг өндөрлөснөөр Францын шигшээ баг 20 жилийн дараа 2 дахь удаагаа 2018 оны Дэлхийн аваргын “Алтан дагина” цомын эзэн боллоо.
Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий мөнгөн медалийн эзнээр тодорсон 4,2 саяхан хүн амтай Хорват улсын шигшээ багийн гайхамшигтай тоглолтын ур чадвар, өндөр зохион байгуулалт, тууштай зүтгэлийг дэлхий нийт талархан хүлээж авсан юм.
Энэхүү ДАШТ-ий нэг онцлог нь аваргын төлөөх шигшээ тоглолтод 1966 оны ДАШТ-ээс хойш буюу 52 жилийн дараа 6 гоол оруулсан тохиолдол болж байна.
Ийнхүү бүтэн сарын турш үргэлжилсэн хөлбөмбөгийн 21 дэх удаагийн ДАШТ-ийг дэлхий нийтээрээ сэтгэл догдлон үзэж, хөлбөмбөгөөр амьсгалсан өдрүүд өндөрлөж, түүх болж үлдлээ.
Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий шилдэг тоглогч /Алтан бөмбөгийн эзэн/-оор Хорватын шигшээ багийн ахлагч, хагас хамгаалагч Лука Модрич, хамгийн шилдэг залуу тоглогчоор Францын шигшээ багийн довтлогч 19 настай Килиан Мбаппе нар тус тус тодорсон юм.
Харин шилдэг хаалгач /Алтан бээлий/-аар Бельгийн хаалгач Тибо Куртуа шалгарсан бол ДАШТ-ий “ Золотой бутс” хамгийн олон /6 гоол/ гоолын эзнээр Английн шигшээ багийн тамирчин Харри Кейн тодорлоо. ДАШТ-ий хамгийн шилдэг шүүгчээр Аргентины Нестор Питана шалгарсан юм.
Дэлхийн хамгийн шилдэг баг, хамгийн тоглогч болон шилдгүүдэд алтан цом, алт, мөнгө, хүрэл медалийг нь гардуулах үеэр хүчтэй шаагисан бороо асгарсан нь үнэхээр ховор сонин тохиолдол байлаа.