Долдугаар сарын 27-нд сар хиртэнэ
21-р зуунд тохиох хамгийн урт сар хиртэх байгалийн үзэгдэл долдугаар сарын 27-нд болох бөгөөд өмнөд Америк, өмнөд Африк, Ойрх дорнодын бүс нутаг болон төв Азиас харагдах ажээ. Бүтэн сар хиртэлт ойролцоогоор нэг цаг 43 минут үргэлжлэх юм байна. “Маш үзэсгэлэнтэй сар хиртэлт болно. Энэ зуунд тохиож байгаа хамгийн урт сар хиртэлт” хэмээн АНУ-ын Мариланд мужид байрлах НАСА-ийн Годдард сансрын төвийн геологич Ноа Петро онцолжээ.
НАСА-ийн судалж тогтоосноор өмнөд Африк, Ойрх дорнод, Энэтхэг болон төв Азийн бүс нутгуудад сар хиртэлт эхлэхээс дуусах хүртлээ үзэгдэх гэнэ. Тухайлбал, Өмнөд Африк болон ойрх дорнодын бус нутгуудад шөнө дундаас хиртэлт тохиох бол Энэтхэг, Төв Азид орон нутгийн цагаар үдшийн 10.00 цагаас эхлэх аж. Харин өмнөд Америк, баруун Африк болон Европт нар жаргах үеэр сарны хиртэлт хагас үзэгдэх бол зүүн Ази, Австрали болон баруун номхон далайн бүсүүдэд долдугаар сарын 28-ны өглөө нар мандахаас өмнө хэсэгхэн зуур харагдах юм.