Яаралтай тусламж: Салхины шилэнд тань асуудал гарсан уу?
Бидэнд өдөр бүр тохиолддог азгүй ч гэх үү, золгүй ч гэхүү зүйлсийн нэг бол яалтачгүй энэ мөн. Харин асуудлыг хэрхэн шийдэх талаар гаргалгаа олж чадалгүй гайхаж байгаа хүн бүр анхаарлаа хандуулна уу?
Цуурсан шилрүүгээ хараад өөрөө засаж чадах болов уу? Засварын газар очих уу? Гэх мэтээр толгойгоо гашилгаж байгаа бол танд хэдэн зөвлөгөө өгье.
Дахин сэргээх боломжтой эсэх?
Та эхлээд цууралтыг зөв тодорхойлж, сайн ажиглах хэрэгтэй.
Дахин сэргээгдэх боломжтой тохиолдлууд:
- Хэмжээ нь 156мм-ээс илүүгүй тохиолдолд
- Хагарсан хэлтэрхий нь 1.75мм-ээс жижиг тохиолдолд
- Гэмтэл нь тийм ч том биш жижиг бөгөөд дугуй бол
- Гэмтэл аваад удаагүй байгаа бол
Дахин шинэ цонх авах шаардлагатай тохиолдлууд:
- Цууралт нь 156мм-ээс том
- Цуурсан хэлтэрхий нь 1.75мм-ээс том
- Цуурсан хэсэг нь жолоочийн хараа тус газарт
- Хагархайнууд нь олон янзын хэмжээтэй
- Аюулгүйн давхарга хүртлээ гүн хагарсан
- Хагарал нь шилний ирмэгт хүрсэн бол
Цуурсан хэсгийг хэт томрохоос нь өмнө шийдвэрлэх шаардлагатай:
Хэдий жижиг цуурхай байсан ч жинхэнэ толгойны өвчин болохоос нь өмнө амжиж арга хэмжээ авах хэрэгтэй.
Цуурсан хэсгийг хамгаалах
Тухайн хэсгийн эргэн тойрныг хуурай алчуураар арчиж цэвэрлэн хумсны будаг юмуу өөр тогтоох чадвартай зүйлээр хагарсан хэсгийг бүрхэж хог хаягдал болон бохирдохоос сэргийлээрэй.
Температурын огцом өөрчлөлтөөс болгоомжил
Зуны халуун өдөр хүйтэн усаар машинаа угаах эсвэл халуун өдөр машины агааржуултаа хэт хүйтнээр үлээлгэх нь гэмтсэн хэсгийг улам лавшруулах нөлөөтэй.
Ачаалал өгөх хэрэггүй
Цуурхай хэсэг дээр хэт ачаалал өгөхөөс болгоомжил. Цонхон дээрхи цас, мөсийг хусаж цэвэрлэхдээ цуурхай хэсэгт асар болгоомжтой хүрэх хэрэгтэй гэдгийг санаарай. Эс бөгөөс цууралт тэр чигтээ тархаж магадгүй шүү.
Зөөлөн жолоодоорой
Хэт ширүүн хаалгаа хаах, донсолгоотой замаар хүчтэй явж өнгөрөх нь цууралтын хэмжээг томсгох шалтгаан болдог.
Сэргээхийн тулд яах ёстой вэ?
- Бие дааж хийх
Та өөрөө дахин сэргээгдэх боломжтой гэж дүгнээд мөн өөрөө бие дааж хийхээр шийдсэн бол сэргээх иж бүрдлүүд гадуур өргөнөөр зарагдаж байдаг гэдгийг дуулгахад таатай байна. Тухайн иж бүрдэлд цуурхайг засах бүхий л жижиг болоод хэрэгцээтэй хэсгүүд багтсан байдаг. Машин засварын газрууд, машины сэлбэг хэрэгсэл зардаг дэлгүүрүүдээр зарагдаж байгаа.
- Мэргэжлийн хүмүүст нь үлдээх
Гэмтэл нь бие дааж хийхэд арай л хүнд эсвэл бусдаар хийлгэх нь илүү сэтгэлд амар санагдвал та мэргэжлийн хүмүүст хандаарай. Тэр хүмүүс уг асуудалтай олон удаа нүүр тулаад үзчихсэн чадварлаг байгаа учир таниас илүү өө сэвгүй хийх нь лавтай.
Бас дээр нь ердөө 30 минутын дотор л хийж гүйцэтгэх болно.
Эцэст нь хэлэхэд
Ийм гэмтэл нь таны даатгалд хамаарах болов уу гэж та асууж болох юм - Хариулт нь МАГАДГҮЙ! Ихэнх даатгалын газрууд салхины шилийг хариуцдаг.
Эх сурвалж: cardoctor.mn