АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трампын Их Британид хийж буй айлчлалыг эсэргүүцэгчид түүнийг дүрс бүхий агаарын бөмбөлгийг Лондон хотын тэнгэрт хөөргөхөөр зэхэж байна.
“Дональд Трамп бол эго үзэлтэй ууртай хүүхэд. Тэр бол арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч, эмэгтэйчүүд, цагаачдад халтай нэгэн. Тэрбээр дэлхийн энх тайван, ирээдүйд аюул учруулж байна. Их Британичууд түүнийг жигшин зэвүүцэж, шоглож байгааг мэдээсэй гэж бид хүсэж байна. Ийм учраас бид зургаан метрийн өндөртэй бөмбөлөг захиалахын тулд мөнгө цуглуулсан бөгөөд бөмбөлгөө парламентын талбай дээр хөөргөнө” хэмээн уг айлчлалыг эсэргүүцэх ажиллагааг зохион байгуулагчид мэдэгджээ.
Жихэвч өмсөж, нэг гартаа утас барьсан бяцхан хүүхдээр Д.Трампыг дүрсэлсэн уг бөмбөлгийг хөөргөх ажиллагаанд Лондон хотын дарга хатуу дэг тогтоожээ. Тухайлбал, бөмбөлгийг өглөөний 9:30-11:30 цагийн хооронд хөөргөх бөгөөд 30 метрээс дээш өндөрт нисгэж болохгүй аж. Д.Трампын айлчлалыг эсэргүүцэх ажиллагаанд оролцох хүсэлтэй байгаагаа 55.000 хүн мэдэгдсэн байна.
Их Британид хүрэлцэн ирсэн Д.Трамп Лондоны Станстед нисэх онгоцны буудлаас шууд АНУ-ын ЭСЯ руу явжээ. Дараа нь тэрбээр Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйтэй оройн зоог барихаар Бленхеймийн ордон руу явсан байна.
Айлчлалын дараагийн өдөр АНУ-ын төрийн тэргүүн хотын захад байрлах Чекерс өргөөнд Их Британийн Засгийн газрын тэргүүнтэй яриа хэлэлцээ хийж, мөн өдөр нь түүнийг хатан хаан II Елизабета Виндзорын цайздаа хүлээн авч уулзах аж.