Баярын өдрүүдэд өрхийн эмнэлгүүд ажиллана
БАЯРЫН ӨРДҮҮДЭД ӨРХИЙН ЭМНЭЛГҮҮД 10.00-15.00 ЦАГ ХҮРТЭЛ АЖИЛЛАНА
Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-аас баяр наадмын үеэр эрүүл мэндийн байгууллагууд ямар цагийн хуваарийн дагуу эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх талаар өнөөдөр /2018.07.09/ мэдээлэл хийлээ. Энэ талаар ЭМЯ-ны олон нийттэй харилцах тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Эрүүл мэндийн яам болон бусад салбар эмнэлгүүд баяр ёслолын хоногуудад бэлэн байдалд ажиллана. Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу ЭМЯ-нд 24 цагийн жижүүр ажиллана. Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд мөн адил бэлэн байдалд ажиллана. Ялангуяа дүүргүүдийн өрхийн эмнэлгүүд долдугаар сарын 11-16-ны өдрүүдэд 10.00-15.00 цаг хүртэл ажиллана. Иргэдэд эрүүл мэндийн асуудал тулгарвал эмнэлгийн тусламж бэлэн гэсэн үг.
НААДМЫН ХУУШУУР, УНДААГ БАТАЛГААТАЙ ГАЗРААС АВАХ НЬ ЗҮЙТЭЙ
Жил бүр баяр ёслолын үеэр иргэд хоолны хордлогод орох нь ихэсдэг. Тиймээс хоолны хордлогын тоог бууруулах зорилгоор иргэд хүнсээ зөв сонгох, хадгалах, мөн наадмын хуушуур, ундааг баталгаатай газраас авах нь зүйтэй. Өнгөрсөн жилүүдэд ихэнх хүмүүс баталгаагүй газраас буюу ил задгай газраас хүнсний бүтээгдэхүүн худалдаж авах эсвэл хоол хүнсээ гэртээ буруу хадгалах зэргээс болж хоолны хордлого авсан байсан. Мөн хэт халуун тостой хуушуур идсэний дараа хүйтэн ундаа, айраг зэргийг уух нь хүний архаг хууч өвчнийг хөдөлгөдөг. Баярын үеэр мэдээж бие биеэ архиар шахахгүй байх, архигүй, осол гэмтэлгүй наадам болоосой гэж хүсч байна гэж албаныхан онцлов.
ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮДЭД ТАВИХ АНХААРЛАА ЧАНГАТГАХ ХЭРЭГТЭЙ
Наадмын талбайд яаралтай тусламжийн багууд тусгай тоног төхөөрөмж машинтай бэлэн байдалд ажиллана. Энэ жилийн наадмаар олон хоног амрахаар байгаа. Энэ үед бид ямарваа нэгэн байдлаар эрүүл мэндийн эрсдэл гаргахгүй байх талаас нь анхаарах нь зүйтэй. Учир нь арван хоногийн өмнө эрүүл мэндийн бүх байгууллагуудад ЭМЯ-ны сайдын уриалга гаргажээ. Энэ талаар ЭМЯ-ны олон нийттэй харилцах тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл 'Энэ уриалгад болзошгүй эрсдэлээс хүүхдийг хамгаалах талаар дурдсан байгаа. Ялангуяа сүүлийн үед эцэг эхийн хайхрамжгүй байдлаас болж хүүхдийн амь нас эрсдэж байгаа учраас эцэг эхчүүд хүүдэд тавих анхаарлаа чангатгах хэрэгтэй байна. Өнгөрсөн долоо хоногт д гэхэд эцэг эх нь найз нөхөдтэйгээ хөзөр тоглож байх үеэр хүүхэд нь гол руу ороод эндсэн харамсалтай тохиолдол гарсан. Иймд байгууллага, аж ахуйн нэгж,иргэн бүр нийгмийн хариуцлагаа ухамсарлан хараа хяналт,анхаарал халамжаа эрс сайжруулан болзошгүй эрсдэлээс хүүхдүүдээ хамгаалан эрүүл аюулгүй орчин бүрдүүлэхийг уриалж байна” гэв.