Хятадын хамгийн том компаниудын нэг "HNA Group"-ийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч Ван Жянь (Wang Jian) Францын Провонс мужид аялж явахдаа гэрэл зураг авхуулах гэж байгаад 15 метр өндөр ханан хаднаас унаж амиа алджээ. 57 настай тэрбумтан тэнцвэр алдаж унасан, гадны ямар нэг нөлөө байгаагүйг орон нутгийн цагдаагийн газар баталсан байна.
Уг хэрэг 11.30 цагийн орчимд болсон бөгөөд түүнийг яаралтай эмнэлэгт хүргэсэн боловч тэрээр амьсгал хураажээ.
"HNA Group" нь Хятадын өмнө зүгийн Хайнань арлын "Hainan Airlines" агаарын тээврийн компанийн үндсэн дээр бизнесээ эхэлж байсан. Одоо тус компани банк санхүү, үл хөдлөх хөрөнгө, агаарын тээвэр гээд олон салбарт үйл ажиллагаа явуулдаг ба нийт хөрөнгө нь 230 тэрбум ам.доллараар хэмжигддэг , 400 мянга гаруй ажилтантай Хятад төдийгүй дэлхийн хэмжээний томоохон компани болсон байна.