88-тай ээжийгээ зодож, дээрэмджээ
Хүний санаанд оромгүй ийм явдал Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны 3 ...-р байрны ... тоотод болжээ. 1960 онд төрсөн өдгөө 58 настай И.Б гэгч эр 88 настай, төрсөн эх Ц.А-г гэртээ ганцаараа байхад нь мөнгө өгсөнгүй гэх шалтгаанаар зодож, 200 мянган төгрөгийг нь хүч хэрэглэн дээрэмдэн авсан хэрэгтээ хоёр жилийн хорих ял авчээ. Тухайн өдөр шөнөжин архи уусан хүү нь өглөө нь ээжийндээ таксидаж очоод мөнгийг нь төлөхийг тулгажээ. Согтуудаа ирж агсан тавьдаг хүүгээсээ эмээдэг ээж нь таксины гурван мянгөн төгрөгийг нь өгчээ. Таксины жолоочид мөнгө өгөөд явуулсан дараа согтуу нь гараагүй хүү нь түрүүвчийг нь шууд булаан авчээ. Болсон явдлын тухай хохирогч нь “... Намайг түрүүвчээ өгөхгүй гэхэд түлхэж унагаад булаагаад авчихсан. Тэгээд "энд зөндөө мөнгө байна шүү дээ, чи мөнгөөр яах гээд байгаа юм бэ" гээд барьж байсан гар утас мөн булааж авсан. Тэгээд миний толгой руу цохиход халуу оргиод цус урссан. Цохиулаад хэвтэж байхад "босооч чи" гээд өшиглөсөн. Миний нурууны судас дарагдсан учир босч чаддаггүй юм. Гэхдээ айсандаа босох гээд чадахгүй байхад олон удаа өшиглөсөн. Үснээс зулгааж байгаад ингээд үх гээд шал мөргүүлсэн. Зарим үгийг нь сонсохгүй болохоор аан гээд асуухаар "миний хоолой өвдчихөөд байхад чи албаар тэгээд байна уу" гээд зодсон. Энэ мэтээр зодсоны дараа босч нүүр гараа угаа гэж тушаасан. Би арай гэж босоод угаалгын өрөө орж цусаа угаасан. Хүү "чи мөнгөнийхөө хойноос үхлээ юу" гэж загнасан. Би "бүгдийг нь аваад яах вэ, ядаж талыг нь үлдээ" гэхэд "үгүй май" гээд салаавч гаргасан. Тэгээд "чи цагдаагаа дуудаарай, чамайг эхэлж алаад дээд талын чинь хүүхдүүдийг чинь ална, хэрчинэ шүү" гээд гараад явчихсан. Миний толгой зүүн талд хагарсан. Нүд, нүүр болон шанаа хөхөрсөн, хоёр гар болон зүүн хөл хөхөрсөн” гэжээ. Хүүгийх нь зэрлэг явдал өмнө нь олонтоо давтагджээ. Ээжийгээ зодож байхад нь хөрш нь цагдаад дуудлага өгч бариулж байжээ. Цагдаа нар авч яваад буцаагаад гаргаад явуулчихдаг байсан ч эмгэнийг дуудаж уулзаад өргөдөл бичиж өгөхийг хэдэнтээ сануулсан гэнэ. Гэсэн ч 88 настай хөгшин хүүгээ дараа нь бүр сүйд хийхээс нь айгаад өргөдөл гаргаагүй аж. Харин энэ удаагийн зодолтонд нь цагдаад хандсан тул зэрлэг эрд хуулийн дагуу арга хэмжээ авчээ. Ээжийгээ зодсон эр түлээ нүүрсний мөнгө л авсан, гараараа ганц хоёр удаа л савсан гэж мэдүүлсэн байна.