Найман настай гоц ухаант хүүг дэлхийн шилдэг их сургуулиуд авахын төлөө өрсөлдөж байна
Лорент Симон (Laurent Simon) бол Бельгид амьдардаг гоц ухаант хүү. Математик, физикт дуртай энэ хүүгийн IQ оноо нь 145-аар хэмжигддэг. Найман настайдаа дунд сургуулиа төгссөн тэрээр зуны амралтынхаа дараа Бельгийн томоохон их сургуульд суралцахаар болсон байна. Түүгээр ч барахгүй дэлхийн шилдэг их сургуулиуд түүнийг авахын төлөө өрсөлдөж эхлээд буй гэнэ.
Лорент дунд сургуулийн ахлах ангийн хөтөлбөрийг 1.5 жилийн дотор дуусгаж 17 настай ангийнхантайгаа хамт Брьюгге хотод төгсөлтийн гэрчилгээ авсан юм. Түүний ээж нь голланд, аав нь бельги гаралтай. Тэд хүүгээрээ маш их бахархаж байгаа аж.
Лорент Амстердамын гимназид зургаан настайгаасаа суралцаж эхэлжээ. Түүний хамгийн дуртай сэдэв нь математик юм. Бельгийн радиогоор энэ тухай ярихдаа Лорент насанд хүрсэн хүн шиг "Геометр, статистик, альгебр зэрэг асар олон салбарыг хамардаг учраас математик бол шинжлэх ухааны хатан хаан юм" гэж хэлсэн байна.
Түүний аав хүүгээ Бельги, Нидерландын их сургуульд суралцуулахыг хүсэж байгаа ч дэлхийн томоохон их сургуулиуд Лорентод урилгаа аль хэдийнэ ирүүлжээ.
Лорент математик эсвэл физикийн чиглэлээр суралцахын хүсэж байгаа гэнэ. Сүүлийн хэдэн сарын туршид тэрээр байгалийн шинжлэх ухаан, математикийн сэдвүүдийг судалж маш их цагийг өнгөрөөсөн байна.
Чөлөөт цагаараа Лорент эмийн талаарх ном унших, математикийн хүнд бодлого бодох дуртай. Үнэндээ тэр хэзээ ч хүүхэд байгаагүй, бага насандаа ч гэсэн бусад хүүхдүүдтэй тоглодоггүй байжээ.
Лорент ирээдүйд Нобелийн шагналт эрдэмтэн, томоохон корпорацийн үүсгэн байгуулагч, эсвэл ямар нэг эдгэшгүй өвчнийг эдгээхийг үгүйсгэхгүй. Хүү бүр багадаа сансрын нисгэгч эсвэл мэс засалч болохыг хүсэж байсан ч одоо тэрээр компьютерийн шинжлэх ухаан сонирхох болжээ.
"Тэр маргааш мужаан болохоор шийдсэн ч тэр нь бидэнд асуудал болохгүй. Хамгийн гол нь миний хүү аз жаргалтай байх ёстой" гэж Лорентын аав хэлсэн байна.