Энэ өдрүүдэд “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал” Улаанбаатар хотноо болж байна.
Хоёр жил тутам болдог энэ хурлаар Азийн 50 орны хоёр мянга гаруй төлөөлөгч дэлхийн болон бүс нутагт гамшгийн эрсдэлийг бууруулахад тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг хэлэлцэн шийдвэр гаргах юм.
Бага хурал нь бүс нутгийн болон хил дамнасан гамшгийн эрсдэлийг бууруулахад манлайллаа үзүүлж, улс орон, ард иргэдэд үр дүнтэй шийдэл гаргах замаар тулгамдсан хүндрэл бэрхшээлийг даван туулах, шинэ арга замыг нээх боломжийг оролцогч улсуудад олгодог.
Мөн хурлаар “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичиг хэрэгжсэн өнгөрсөн гурван жилд хэрэгжүүлсэн гол арга хэмжээг танилцуулж, хэлэлцүүлнэ. Түүнчлэн 2016 онд болсон хурлаар батласан Шинэ Делигийн Тунхаглал, Азийн бүсийн төлөвлөгөө, 10 оролцогч талуудын сайн дурын мэдэгдэл, тэдний хүлээсэн үүрэг, амлалтын хэрэгжилтийг дүгнэх юм.
“Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал-2018”-аас Улаанбаатарын тунхаглал. 2018-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Үндэсний болон орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах стратегитай улс орны тоог нэмэх, оролцогч талуудын сайн дурын мэдэгдэл зэрэг үндсэн баримт бичгийг батлан гаргана.