Таны "Gmail" зурвасуудыг гуравдагч этгээд унших боломжтой
АНУ-ын хайлтын системийн "Google" компанийн удирдлага хэрэглэгчдийн илгээсэн болон хүлээн авсан хувийн и-мэйлийг апп хөгжүүлэгчид болон онлайн судалгаа хийгчид зэрэг гуравдагч этгээд унших боломжтой гэдгийг баталгаажуулав.
Гуравдагч этгээдүүдийн хөгжүүлсэн програмуудыг өөрийн "Gmail" хаягтай холбосон хүмүүс тэдгээр хөгжүүлэгчдэд өөрийнхөө и-мэйлийг унших эрхийг өөрийн мэдэлгүй олгодог байна.
"Google" нь хүмүүст гуравдагч этгээдийн програмыг ашиглахын тулд шинэ хаяг нээхийн оронд өөрийн "Gmail" хаягаар нэвтрэх боломж олгодог юм.
Зарим програмд нэвтрэх үед "Таны и-мэйлийг унших, илгээх, устгах болон удирдах" гэсэн сонголтууд гарч ирдэг ч ихэнх хүн түүнийг анзаардаггүй ажээ.
Нэгэн програм хөгжүүлэгч "Wall Street Journal" сонинд өгсөн ярилцлагадаа энэ явдлыг "Ил хэрнээ бохир нууц" байсан гэж мэдэгдсэн байна.
"Gmail" нь 1.4 тэрбум хэрэглэгчтэй, дэлхийн хамгийн алдартай цахим шуудангийн үйлчилгээ юм.