Өмнөд болон Умард Солонгосын тамирчид энэ долоо хоногт Пхеньян хотноо сагсан бөмбөгийн цуврал нөхөрсөг тоглолтуудыг хийхээр болсон тухай “Эн-Эйч-Кэй” телевиз мэдээлэв.
Ийм төрлийн арга хэмжээ нь сүүлийн 15 жилд болоогүй бөгөөд ирэх лхагва, пүрэв гарагт эрэгтэй, эмэгтэй багуудын дөрвөн тоглолт болох аж. Эх орноо нэгтгэх яамны сайд Чо Мён Ген энэ тухай хэлэхдээ, “Солонгосын хойгт энх тайвныг цогцлооход спортын нөхөрсөг тоглолтууд ихээхэн хувь нэмэр оруулна хэмээн найдаж байна” гэжээ. Түүнчлэн Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун сагсан бөмбөгт ихээхэн сонирхолтой бөгөөд уг тоглолтуудыг тэсэн ядан хүлээж байгаа аж.
Сүүлийн саруудад хоёр улсын харилцаанд ихээхэн дэвшил гарч байгаа бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр талын спортын хамтын ажиллагаа, харилцан солилцоог нэмэгдүүлнэ хэмээн тохиролцсон билээ. Ирэх наймдугаар сард Индонези улсад болох Азийн наадамд хоёр улс хамтарсан баг бүрдүүлж, нэг далбаан дор оролцохоор төлөвлөж байгаа юм байна.