БНСУ-ын эрх баригчид төрөлт багассан шалтгаанаар ажлын цагийг бууруулах шийдвэр гаргажээ
Иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх үүднээс Өмнөд Солонгосын парламент долоо хоногийн ажлын цагийг бууруулах хуулийг өнгөрөгч гуравдугаар сард баталж байсан билээ. Тэгвэл тус хууль нь долдугаар сарын 1-нээс албан ёсоор хэрэгжиж эхэлсэн байна.
Энэ бол Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүүн Жэ Иний сонгуулийн амлалтуудын нэг юм. Тэр бас энэ онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 16 хувиар нэмэгдүүлэхээр болсон.
Ажлын цагийг богиносгосноор хүн амын өсөлт нэмэгдэнэ гэж тооцжээ. Сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгост шинээр төрсөн хүүхдийн тоо өмнөх жилүүдтэй харьцуулахад огцом буураад байгаа нь ажлын хэт дарамтаас болсон гэж үзэж буй аж.
1980-1990-ээд оны үед буюу Өмнөд Солонгосын эдийн засаг эрчимтэй өсөж байх үед цаг хэтрүүлэн ажиллах хэвшил тогтсон юм. Өнөөдөр дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын дунд тус улс хамгийн урт ажлын цагтайд тооцогддог.
Шинэ хууль гарахаас өмнө өмнөд солонгосчууд АНУ, Итали зэрэг улсуудтай харьцуулахад жилд 300, Герман, Норвеги зэрэг орнуудтай харьцуулахад 700 цаг илүү ажилладаг байсан нь судалгаагаар тогтоогдсон.
Тус хууль нь 300 болон түүнээс дээш ажилчидтай албан газруудад хамаарах юм. Мөн ажлын нэг долоо хоногийн стандарт цаг нь 40 бөгөөд шинэ хуулиар илүү цагийн хэмжээ 12-оос хэтрэх ёсгүй болжээ.
Одоо үйлчилж байгаа ажлын цагт таарсан бүтээмжийг хадгалж үлдэхийн тулд Өмнөд Солонгосын компаниуд жилд 12 их наяд воны ($11 тэрбум) зардал нэмж гаргахаар болж байгааг Солонгосын Эдийн засгийн судалгааны хүрээлэн тооцоолж гаргажээ.
Өмнө нь ажлын цагийн хязгаарт захирагддаггүй 26 бизнесийн салбар байсныг мөн бууруулж тав болгосон байна. 18 нас хүрээгүй иргэд долоо хоногт дээд тал нь 35 цаг ажиллах журамтай болжээ.