Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээг аль болох хурдан цуцлахыг хүсчээ
Хойд Солонгосын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээг цуцлах асуудлыг аль болох хурдан шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг тус улсын удирдагч Ким Жон Ун Хятад улсын дарга Ши Жиньпинээс хүсчээ. Энэ тухай тэрбээр өнгөрсөн 6 дугаар сард Хятад улсад айлчлах үеэрээ мэдэгдсэнийг "Иомиури" сонин мэдээлжээ.
“Эдийн засгийн хориг арга хэмжээнүүд Хойд Солонгост ихээхэн хохирол учруулж байна. АНУ-ын удирдагчтай хийх дээд хэмжээний уулзалт амжилттай болсны дараа хориг арга хэмжээг аль болох хурдан цуцална гэж бид найдаж байна” хэмээн Ким Жон Ун хэлсэн байна.
Үүний хариуд Ши Жиньпин тус асуудлыг шийдвэрлэхийн тулд бүхий л хүчин чармайлтаа тавихаа мэдэгджээ.
Хойд Солонгос цөмийн зэвсгээсээ бүрэн татгалзсан тохиолдолд л тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийг цуцлах боломжтой хэмээн АНУ, Япон болон Өмнөд Солонгос улс нэг бус удаа онцлон тэмдэглэж байсан юм.