Хойд Солонгос пуужинд зориулагдсан түлш үйлдвэрлэсээр байна гэж мэдэгджээ
Умард Солонгос улс хэд хэдэн нууц объектуудад цөмийн пуужинд зориулагдсан түлшний үйлдвэрлэлээ идэвхжүүллээ гэж Америкийн тагнуулын газрын ажилтнууд мэдэгджээ. Энэ тухай телевизийн “NBC” суваг мэдээлэв.
Тус телевизийн мэдээлснээр, Умард Солонгос түлш хийгээд цөмийн зэвсэгт зориулагдсан хэд хэдэн эд ангийг нууцаар үйлдвэрлэсээр байж магадгүй байгаа нь тус улс Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах талаар яриа хэлэлцээ хийхдээ АНУ-ыг төөрөгдөлд оруулах гэж оролдсон байж магадгүй болохыг харуулж байна гэжээ. Түүнчлэн Умард Солонгос цөмийн зэвсгийн нөөцөө бууруулж, үйлдвэрлэлээ зогсоож байгааг харуулах ямар ч мэдээлэл алга хэмээн эх сурвалж онцолсон байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нарын анхны уулзалт 6 дугаар сарын 12-нд Сингапурт болсон билээ. Уг яриа хэлэлцээний дүнд АНУ Умард Солонгост аюулгүй байдлын баталгаа олгож байгаагийн хариуд тус улс цөмийн зэвсгээсээ татгалзахаа амласан баримт бичигт гарын үсэг зурсан юм.