МАХН-ын араас “маани унших” заалтыг дэмжье
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Төрийн сүлд нэг л биш байна” гэж хэлээд, түүнийг шинэчлэхээр уран бүтээлчдийн дунд улсын уралдаан зарласныг өчигдөр сонслоо. Парламентад ч суудалтай, эсэх нь эргэлзээтэй болсон МАХН-ынхан монгол төрийн сүлд, бэлгэдлээр оролдох юм гэнэ. Арай даварсан хэрэг биш гэж үү. Дуртай нь Үндсэн хуулийн төсөл санаачилж, нэг сая хүний гарын үсгээр үүнийгээ батална гээд зоргоороо ярьж явааг юу гэж ойлгох вэ. Үүнийг анхааралдаа авч, нэгийг бодож байгаа хүн байна уу, ер нь.
Сураг сонсох нь ээ, уг нь улс төрийн намуудын энэ мэт увайгүй үйлдлийг хязгаарлах зохицуулалтыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд тусгахаар ярилцаж байгаа юм билээ. Тодорхой хэлбэл, улс орны язгуур эрх ашиг, засаглал, төрийн байгууллын суурь зарчмын эсрэг, Үндсэн хуулийн бус аргаар үйл ажиллагаа явуулсан улс төрийн аливаа намыг татан буулгах тухай суурь заалтыг Үндсэн хуульд оруулахаар УИХ-аас байгуулсан ажлын хэсгийнхэн үндсэндээ санал нэгдээд байгаа аж.
Хүчин төгөлдөр үйлчилж буй Улс төрийн намын тухай хуулийн хамгийн сүүлчийн бүлэгт намыг тарааж, үйл ажиллагааг нь зогсоох тухай хоёрхон заалт бий. Тэдгээрийн нэг буюу 23.2-т “Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх, яс, үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, бусад орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, сурталчилгаа явуулсан буюу шашны, цэргийн болон цэрэгжсэн, фашист намын хэлбэрт шилжсэн бол Улсын дээд шүүх намыг тараах тухай шийдвэр гаргаж, уг намыг энэ хуулийн 23.1-т заасан хугацаанд улсын бүртгэлээс хасаж, нийтэд мэдээлнэ” гэсэн заалт бий. Үүнийг зөвхөн Улс төрийн намын тухай хуулийн заалт байлгах бус, Үндсэн хуулийн суурь зохицуулалт болгохоор зорьж буй юм байна.
Уг нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг энэ хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх болов уу гэсэн хүлээлт өндөр байсан. Харин энэ удаагийн чуулган өндөрлөхөд гурав хоног дутуу байна. Намраас урьтаж ээлжит бус чуулган зарлан, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж амжих уу, эсвэл бүр хөндөж чадалгүй дараагийн парламентад халаагаа өгөх үү гэдэг нь тодорхойгүй байгаа юм.
Юутай ч 2005 онд баталсан Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн боловсрууллах ажлын хэсгийнхэн ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, тэр дундаа дээр дурдсан заалтын “хувь заяа” хэрхэхээс шалтгаалан, харзнаж байгаа сурагтай. Өөрөөр хэлбэл, улс төрийн намыг татан буулгах суурь заалтыг Үндсэн хуульд оруулж чадахгүй бол Улс төрийн намын тухай хуульдаа ямар байдлаар тусгах вэ гэдгээ ярилцах шаардлага тулгарах нь дамжиггүй. Цаашлаад улс төрийн намыг бүртгэж, татан буулгах чиг үүрэг Улсын дээд шүүхэд хадгалагдсан хэвээр байх уу гэдгийг нарийвчлан тусгахаар ярилцаж байна.
ЯАГААД МАХН ТЭРГҮҮТНҮҮД ГЭЖ
МАХН-ынхан шинээр Үндсэн хуулийн төсөл боловсруулан, орон даяар хэлэлцүүлээд даруй хоёр жил болж буй. 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд үнэмлэхүй олонхтой парламент бүрдсэний дараа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар дахин ярьж эхлэхтэй хамт шахуу үүнийг хэлэлцүүлж байгаа. Тиймээс ч энэ нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар төрийн эрх барих дээд байгууллагаас хийж буй хэлэлцүүлгээс ч илүү олон түмэнд хүрч, танил болсон байж мэднэ.
Улсаа Бүгд Найрамдах Монгол Улс (БНМУ) гэж нэрлэхээр тусгасан шинэ Үндсэн хуулийн төсөл буюу “БНМУ-ын Дээд хууль” гээчийн талаар аймаг, дүүрэг, сум, баг бүрт “Шинэ Үндсэн хуулийн хөдөлгөөн” өрнүүлж сурталчлаад эхэлсэн. Шинэ Үндсэн хуулийн төслийг иргэдэд хүргэх МАХН-ын ажлын хэсгийнхэн эх орны өнцөг булан бүрт хэдэнтээ хүрч очиж, ажиллаад буй бөгөөд уг төслийг хэвлэсэн цэнхэр хавтастай, жижигхэн “ном” орон нутагт хэдийнэ танил болжээ.
Ерөнхийлөгчийн засаглалтай байж, Төрийн тэргүүн Засгийн газрыг тэргүүлнэ, Ардын хянан шалгах хороог сэргээн байгуулна, их, дээд боловсролыг үнэгүй олгоно, хөгжлийн бэрхшээлтэй болон 20-иос дээш жил хамт амьдарсан гэр бүлийг орон сууцаар хангана гэх зэргээр эрс өөрчлөх хүсэл агуулсан, гоё гоё амлалттай төслөө “Монгол хүн бүрт хамаатай” хэмээн тунхаглаж яваа экс Ерөнхийлөгчийн идэвх, чармайлт яван чангарсаар, өнөөдөр ийм дээрээ туллаа.
Өчигдөр гэхэд л тэрхүү “БНМУ-ын Дээд хууль”-иа монгол бичигт хөрвүүлснээ танилцуулахдаа МАХН-ын дарга Н.Энхбаяр “Ард түмнээ тэргүүндээ зална. Тэднийгээ төрийн хамгаалалтад авна. Бүх эрх мэдлийг ард түмний гарт атгуулна” хэмээн тунхаглана лээ. Түүний хэлснээр энэ сарын 1-ний байдлаар тэдний боловсруулсан шинэ Үндсэн хуулийн төслийг дэмжиж, 100 мянган хүн гарын үсэг зураад буй гэнэ. Цаашид төслийг нь дэмжиж сая хүн гарын үсгээ зурчихвал “БНМУ-ын Дээд хууль”-иа шууд батлагдсанд тооцно гэж хээв нэг ярьж яваа. Үүнийг нь МҮАН, МНН, ИЗНН дэмжиж, дэврээж буй.
ДАВРАГСДАД ДАРУУЛГА ХЭРЭГТЭЙ
Үндсэн хуулийн 12 дугаар зүйлд “Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ. Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан туг нь Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл мөн” хэмээн заасан байдаг төдийгүй Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулиар холбогдох харилцааг нарийвчлан зохицуулсаар ирсэн. Одоо үүгээр тоглох нь дутаж гэнэ.
Ард түмний нэр барьсан сайхан ярианд иргэд татагдах нь аргагүй. Бас энд ч нэг Үндсэн хууль, тэнд ч нэг “Шинэ дээд Үндсэн хууль” гэж яриад байхад ард түмний толгой эргэх нь ойлгомжтой. Хамгийн аюултай нь Үндсэн хуульд гар хүрэх эрх хэнд байгааг ард түмэн тэр бүр ялгаж, салгаж ойлгохгүй байна. Тэднийг ялгаж, салгахааргүй байдалд оруулж, амандаа орсноороо булж буй нь харамсалтай. Харин Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ингэж болохгүйг хамгийн сайн мэдэж байгаа.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэхийг судлах үүрэгтэй ажлын хэсгийн дарга Д.Лүндээжанцангийн хэлснээр “Эцэг хууль”-д зөвхөн нэмэлт, өөрчлөлт оруулах байдлаар гар хүрэх чиглэл барьж буй юм билээ. Тэгээд ч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар өөрчлөхийг хориглосон заалтуудыг ч тодорхой заасан төдийгүй Үндсэн хуулийн амин сүнс болсон парламентын ардчиллын зарчмыг хөндөхгүй байхаар тусгасан.
Уг хуулийн 70 зүйлийн бараг гуравны нэг нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг шууд хориглосон байдаг. Харин Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хүсэл зоригоо эрээгүй илэрхийлэх болсон талууд эрс өөрчлөлт хүсэж, түүндээ идэвхийлэн бэлтгэж буй нь илт. Энэ нь 25 жилийн түүхтэй, ардчилсан, шинэ Үндсэн хуулийн уул санаа, уугуул зарчмыг хөндөж, бүр орвонгоор нь өөрчлөх хэмжээний шийдвэрт хүргэж мэднэ. Учир нь бид Үндсэн хуульдаа гар хүрэх, эсэх, тэглээ гэхэд юуг нь яаж өөрчлөх вэ гэдгийг ард түмнээс ангид төсөөлж үл чадна.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ хэлэлцэхдээ тулбал улс орны нийтлэг эрх ашиг, алдаж, онож байж бий болгосон бүхнийг орвонгоор нь эргүүлэх, “амьдралгүй” зүйл ярьж, ард түмний толгойг эргүүлж, төрийнх нь эсрэг турхирч яваа МАХН тэргүүтний араас, “маани” унших дээрх заалтыг заавал дэмжих учиртай.
Эх сурвалж: unuudur.mn