"Burger King" компани ДАШТ-ий үеэр жирэмсэн болсон эмэгтэйчүүдэд шагнал амлажээ
Алдарт түргэн хоолны "Burger King" сүлжээ ДАШТ-д оролцож байгаа тоглогчдын нэгнээс жирэмсэн болсон орос эмэгтэйчүүдэд гурван сая рубль (47 мянган ам.доллар), мөн насан туршид нь "Воппер" бургерээр хангах шагнал амлажээ.
"Хөлбөмбөгийн шилдэг тоглогчдын үр удмыг Орост үлдээвэл Оросын баг улам хүчирхэг болно" гэж сурталчилгаан дээр нь бичсэн байж.
Уг сурталчилгааг эх орон, ард түмнийхээ нэр төрийг гутаан доромжилсон хэрэг боллоо гэж олон нийт бухимдсан байна.
Ганц энэ ч бус хэвлэл мэдээллийн хэрэгслээр орос эмэгтэйчүүдийг "ороо нь орсон" гэх утгатай нийтлэл болон сурталчилгаа байнга үзэгдэх болжээ.
Жишээ нь "Хайрын арга барил: Орос эмэгтэйчүүд гадаадынхантай болздог арга" гэсэн өгүүллэг "Московски космополец" сонинд гарсан бол спортын "Championat" вэб сайтад "Орос эмэгтэйчүүд хэрхэн гадаадын иргэдийг урхиддаг вэ?" гэсэн нийтлэл хэвлэгджээ.
1980 оны олимпийн наадмын үеэр асар олон эцэггүй хүүхдүүд мэндэлж байсан бөгөөд тэднийг "Олимпийн хүүхдүүд" гэж нэрлэж байсан гэнэ. Тэр үеийн гашуун дурсамж олон нийтийн санаанаас гараагүй байгаа тул энэ бүхэн нь эмэгтэйчүүдээ доромжлох маягаар хяналтанд байлгах арга байж магадгүй гэж үзэх хүмүүс ч байгаа юм.