АТМ-д хулгана үүрлэж, 18 мянган доллартай тэнцэх хэмжээний рупи сүйтгэжээ
Энэтхэгийн Ассам мужийн Гувахати хотын бэлэн мөнгөний автомат машинд хулгана үүрлэж дотор нь байсан 1.23 сая рупи буюу 18 мянган доллартай тэнцэхүйц хэмжээний энэтхэг мөнгөн дэвсгэртийг мэрж устгажээ.
Уг АТМ нь тавдугаар сарын 20-ноос ажиллахгүй болсон бөгөөд саяхан засварчин машины дотор талыг шалгаж үзэхээр нээтэл хулганууд их хэмжээний мөнгөн тэмдэгтийг жижиглэж мэрсэн байжээ.
Бэлэн мөнгө олгодог уг автомат машинд 500 болон 2000-тын дэвсгэртийн рупи ихэвчлэн байсан бөгөөд нийт хоёр сая 948 мянган рупи байснаас 1.23 сая нь ийнхүү хулганы хоол болсон аж. Тус АТМ нь Энэтхэгийн Гувахати хотод үйл ажиллагаа явуулдаг FIS компанийн өмч юм байна. Цагдаагийн газраас чухам юуны улмаас ийм болсныг мөрдөн шалгаж байгаа гэнэ.