НҮБ дахь АНУ-ын суурин төлөөлөгч Никки Хэйли (Nikki Haley) Трампын захиргаа НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гарч байгааг мягмар гаригт албан ёсоор зарлав. АНУ өөрсдийн холбоотон болох Израиль улсыг ялгаварлан үздэг төдийгүй олон орны хүний эрхийг зөрчсөн хэрэгтнүүдэд хариуцлага хүлээлгэж чадаагүй учраас ийм шийдвэр гаргах болсон гэж Никки Хэйли мэдэгдсэн байна.
Трампын захиргаа олон сарын турш ийм алхам хийнэ гэдгээ зарлаж байсан бөгөөд НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын алба Америк-Мексикийн хил дээр цагаач хүүхдүүдийг эцэг эхээс нь салгаж байгаа явдалд оролцохоос татгалзсаны дараахан Ерөнхийлөгч Трамп ийм шийдвэр гаргажээ.
"Хүний эрхийг үл тоомсорлодог хүмүүс энэ зөвлөлд сонгогдон ажилласан хэвээр байна. Дэлхийн хамгийн харгис дэглэмүүд хүний эрхийг ноцтойгоор зөрчсөөр байхад Хүний эрхийн зөвлөл тэр дэглэмийн удирдагчдад хариуцлага хүлээлгэх нь битгий хэл цол хэргэм өгч дэлхий нийтийг төөрөгдүүлж байна" гэж НҮБ-ын АНУ дахь суурин төлөөлөгч Никки Хэйли тус зөвлөлөөс гарсан явдлыг зөвтгөн хэлжээ.