Х.Тэргэл: Монгол хүн урдаас нь хараад ярьж чаддаггүй байж араас нь муулна
Яриулахгүй, муулуулахгүй, хов живэнд орохгүй гэж их хүсэцгээдэг бол үхэх л хэрэгтэй болох байх. Учир нь амьд яваа юм бол яригдахгүй, хэрэлдэхгүй, муудахгүй, муулагдахгүй явна гэж юу байх билээ дээ. Сэгсийтлээ яригдаж, муулагдаж, хэлэгдэж явна аа гэдэг чинь амьдралын бас л нэг сайхан амт шүү дээ.
Өөрсдөө ч бид өрөөлийг араас нь л бла, бла гэцгээдэг ш дээ. Аймаар шударга улс болох гэж тэчъяадлаа ч барахгүй ээ. Хамгийн гол нь бусдад хэлсэн үгээ тэр нэгнийхээ чихэнд хольцтой, хольцгүй очсон хойно нь би тэгээгүй гэж гүрийж гүлдийх л ёстой хөх инээд хүрмээр ш дээ. Бас болоогүй ээ дамжуулагч хүртэл сонсож байхдаа харилцан муулалцаад л сууж байдаг ш дээ. Тэгэхээр яадаг байх нь вэ, ярьсан, сонссон хоёулаа л ярьсан, муулсан, хов живээ ар хударгаар хийсэн байх нь. Тиймээс яадгийн би тэгсэн, чамайг ингэж ярьсан, муулсан гэж хэлж сураач ээ.
Үнэн шударга амьдрах гэдэг ядаж тэрийг хэлнэ шүү дээ. Нэг л их хүн муулдаггүй, хов живэнд орохгүй гэж элийрэх улс минь ээ. Хорвоод сажлах биеийг тань дагаад сүүдэр чинь хүртэл байдаг тул, хов жив, хэл ам яг тэр сүүдэр чинь л гэсэн үг болой гэж.
Үнэхээр муу муухай зүйл бид бүгд бас хийцгээдэг ш дээ, яг үнэндээ бол. Тэгээд тэрнээ яриулсан бол одоо гонгиноод бас яах ч билээ, хүний хорвоод ямар нууц зүйл байх биш. Сэгсийтлээ ярьж, яригдаж явсаар хорвоог туулна аа гэж.
Хулганайн Тэргэл