АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын дарга Ким Жөн Ун нарын Сингапурт хийсэн дээд хэмжээний уулзалтын үеэр гаргасан хамтарсан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
АНУ, БНАСАУ-ын хооронд шинэ харилцаа тогтоох нь Солонгосын хойг хийгээд дэлхий дахины энх тайван, хөгжил цэцэглэлтэд ач тустай гэдэгт итгэлтэй байгаагаа болон харилцан итгэлцлийг бэхжүүлэх нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахад тус дөхөм үзүүлэхийг хүлээн зөвшөөрч буйгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын дарга Ким Жөн Ун нар илэрхийлэн дараах мэдэгдлийг хийж байна:
- АНУ болон БНАСАУ энх тайван, хөгжил цэцэглэлтийг эрхэмлэсэн хоёр улсын ард түмний хүсэл зоригт нийцүүлэн АНУ, БНАСАУ-ын хооронд шинэ харилцаа тогтоох үүрэг хүлээж байна.
- Солонгосын хойгт урт удаан хугацаанд тогтвортой энх тайван тогтооход чиглэсэн хамтын хүчин чармайлт тавихаа АНУ болон БНАСАУ илэрхийлж байна.
- 2018 оны дөрөвдүгээр сарын 27-нд болсон Панмунжомын уулзалтаас гаргасан Тунхаглалыг баримтлахаа нотлон БНАСАУ Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах чиглэлд тууштай ажиллах үүрэг хүлээж байна.
- АНУ болон БНАСАУ цэргийн олзлогдогсод болон ажиллагааны үеэр сураггүй алга болсон Америкийн иргэдийг тогтоох, түүнчлэн хэдийнээ тогтоогоод байгаа хүмүүсийг нэн даруй эх оронд нь буцаах үүрэг хүлээж байна.
АНУ-БНАСАУ-ын түүхэн дэх анхны дээд хэмжээний уулзалт нь олон арван жилийн турш үргэлжилсэн түгшүүртэй байдал хийгээд цэргийн сөргөлдөөнийг гэтлэн давах болон шинэ ирээдүй нээхэд чухал үүрэг гүйцэтгэх эрин үеийн онцгой үйл явдал болохыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын дарга Ким Жөн Ун нар хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ энэхүү хамтарсан мэдэгдлийн заалтуудыг бүрэн бөгөөд шуурхай хэрэгжүүлэх үүрэг хүлээж байна. АНУ-БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалтын үр дүнг хэрэгжүүлэх үүднээс АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео болон БНАСАУ-ын адил түвшний өндөр албан тушаалтны яриа хэлэлцээг ойрын хугацаанд хийх үүргийг АНУ болон БНАСАУ хүлээж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын дарга Ким Жөн Ун нар АНУ, БНАСАУ-ын шинэ харилцааг хөгжүүлэх хийгээд Солонгосын хойг болон даян дэрхийн энх тайван, хөгжил цэцэглэлт, аюулгүй байдлыг бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллах үүрэг хүлээж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп
БНАСАУ-ын дарга Ким Жөн Ун
Эх сурвалж: МОНЦАМЭ