Өнөөдөр 15:00 цагаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн хорьж шалгах шаардлагатай эсэхийг шийдэх шүүх хурал боллоо.
Шүүхээс тэднийг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих буюу хязгаарлалт тогтоох тухай прокурорын хүсэлтийг хангасан шийдвэр гаргав. Өнгөрсөн мягмар гаригт буюу 6 дугаар сарын 12-ны 17:00 цагийн үед Нийслэлийн прокуророос С.Баярцогт, Б.Бямбасайхан нарт хязгаарлалт тогтоох /батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих/ хүсэлт ирүүлжээ. Өнгөрсөн 5 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг хорьж шалгах хугацааг 30 хоногоор сунгах захирамж гаргаж, ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид дахин саатуулсан. Тэгвэл шүүхээс өнөөдөр тэднийг батлан даалтад гаргалаа.
Эх сурвалж: МОНЦАМЭ