Македон улсыг Бүгд Найрамдах Хойд Македон улс гэж нэрлэнэ хэмээн тус улсын Ерөнхий сайд Зоран Заев өнгөрсөн мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.
З.Заев болон Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас нар өчигдөр утсаар ярьжээ. Талууд Бүгд Найрамдах Македон улсын албан ёсны нэрний асуудлаар тохиролцоонд хүрчээ. Ингэснээр Македон Европын Холбоо болон Умард Атлантын гэрээний байгууллага буюу /НАТО/-д элсэн орох боломж тус улсад нээгдэж байна гэж З.Заев хэлсэн байна.
Нэрний талаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатайг тэрбээр цохон тэмдэглэжээ. Түүнчлэн ирэх намар шинэ нэрийг баталгаажуулах асуудлаар бүх ардын санал хураалт явуулах хэрэгтэй болох аж.
Грек болон Македон улсын хооронд 25 жил үргэлжилж буй нэрний асуудлаархи маргаан нь Македон улсыг НАТО болон ЕХ-д элсэхэд саад учруулж байсан юм. Македон улсын нэрийг Грекийн Македон мужийн нэртэй давхцуулахгүйн тулд Грекчүүд тус улсыг нэрээ өөрчлөхийг шаардаж байсан юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ