Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзлаа
Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор БНХАУ-ын Чиндао хотод хүрэлцэн ирээд буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар нөхөрсгөөр мэндчилж, хоёр улсын харилцаа өргөжин тэлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлцгээсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол-Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээ Улаанбаатар хотод амжилттай болж өндөрлөсөн талаар хэлээд цаашдаа эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр болон бүхий л салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Мөн хоёр улсын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын одоогийн дэд бүтцийг шинэчлэх ажлыг хоёр улсын оролцоотойгоор эхлүүлж бодит ажил хэрэг болгох санал тавьсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нарын Владивосток хотод уулзаж, тохиролцсоны дагуу болсон “Монгол-Оросын санаачилга-2018” арга хэмжээ амжилттай болсныг Монгол Улсын Ерөнхийлөгч мөн уулзалтын үеэр онцлон дурдлаа.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин ОХУ-ын нутгаар, төмөр замаар дайран өнгөрөх Монголын транзит ачаанд тарифын хөнгөлөлт үзүүлэх тухай хэлэлцээрт “Монгол-Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээний үеэр гарын үсэг зурсан нь Монгол Улсын эдийн засагт өндөр ач холбогдолтой гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.
Мөн ирэх жил тохиох Халх голын дайны ялалтын 80 жилийн ойг хамтран тэмдэглэх, цэрэг батлан хамгаалахын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах, тоног төхөөрөмж нийлүүлэх боломж гэх мэт олон асуудлаар талууд санал солилцож ярилцлаа.